Дэлхийн дугуйчдын хүлээдэг болсон “Mongolian Bike Challenge” буюу манай улсад зохион байгуулагддаг олон улсын бартаат замын дугуйн уралдааны нээлт өнгөрсөн амралтын өдөр Цонжин болдог дахь “Чингисийн морьт хөшөө” цогцолборт боллоо. Тамирчид өчигдөр өглөө 07.40 цагт гараанаас гарсан бөгөөд ирэх бямба гаригт Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь “XIII зуун” цогцолборт барианд орно.
Дөрөв дэх жилдээ болж буй “Genco Mongolia Bike Challenge-2013” уралдаанд Австрали, Канад, Испани, Аргентин, Америк, Бельги, Япон, Итали зэрэг 23 орны 108 дугуйчин оролцохоор иржээ. Тамирчид уламжлал ёсоор хаан, спортсмен, мастер-I, мастер-II, ахмадын, эмэгтэйчүүдийн болон тандем буюу хос дугуй гэсэн долоон ангилалд өрсөлдөх бөгөөд нийт долоон гарааны туршид Хэнтий, Төв аймгийн нутгаар 850 км зам туулах юм.
Бартаат замын дугуйн уралдааны долоон өдрийн тэмцээний хамгийн хол нь 175 км уралдах дөрөв дэх өдрийн гараа юм. Зохион байгуулагчдын зүгээс уралдааныг сонирхолтой, өрсөлдөөнтэй болгох үүднээс энэ жил багийн төрлийг шинээр нэмсэн байна. Энэ төрөлд гурван тамирчны бүрэлдэхүүнтэй есөн орны баг тамирчид өрсөлдөх аж. Монголын дугуйн холбооны ахмадын зөвлөлийн дарга Л.Батбаяр “Манай есөн тамирчин дээрх ангилалд өрсөлдөнө. Өмнөх жилийн тэмцээнүүд говь, хангай хосолсон нутгаар буюу Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор аймгийн нутгаар уралдаж байсан бол өнөө жил Хэнтий, Төв аймгийн нутгаар уралдахаар болсон. Уулын дугуйны төрөлд бэлтгэгдсэн тамирчин манайд байдаггүй. Мэргэжлийн тамирчид маань бэлтгэл сургуулилтаа хийж байгаад оролцдог” гэв.
Улсаа төлөөлөн ахмадын ангилалд 2011, 2012 онд түрүүлж, амжилт гаргасан 54 настай М.Батмөнх энэ жилийн тэмцээнд оролцохоор иржээ. Түүнээс бэлтгэлээ хэрхэн базаасан талаар асуухад “Дугуйн спортоор дөрөв дэх жилдээ хичээллэж байна. Энэ жил 180 км-т уралдааны дугуйгаар спортын мастерын зэрэг биелүүлсэн. Хэнтий аймгийн нутгаар шинэ замаар уралдах болсон нь сонирхолтой. Олон орноос сайн тамирчид оролцохоор ирсэн нь манайд зохион байгуулж буй “Mongolian Bike Challenge” тэмцээний нэр хүнд дэлхий нийтэд хүрч байгааг харуулж байна” гэв. Уралдааны хамгийн сонирхолтой ангилал болох мэргэжлийн дугуйчдын ХААН ангилалд шилдэг 40 дугуйчин өрсөлдөнө. Тэдний дунд “Mongolia Bike Challenge-2012” уралдааны аварга, Канадын дугуйчин Кори Уоллос, Японы топ дугуйчдын нэг Коизүки Такэ, Испанийн шилдэг триатлонч Марсел Замора нарын шилдгүүд оролцохоор ирсэн байв.
“Mongolian Expeditions” компаниас жил бүр зохион байгуулдаг тус уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Genco Tour Bureau” компани ажиллаж байгаа бол ССАЖЯ дэмжиж байгаа юм. Уралдааныг дэлхийн дугуйн спортын топ сайтууд болох Cyclingnews. com болон Pinkbike.com сайтууд онлайнаар шууд түгээнэ. Уралдааны үеэр Испанийн хэвлэл мэдээллийн томоохон агентлаг “MEDIASET” Монголын нүүдэлчдийн ахуй амьдралын талаар баримтат кино хийхээр иржээ.
.jpg)
Б.СҮРЭН