Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр тун удахгүй Монголд “нууцаар” айлчлах тухай www.businessmongolia. com цахим хуудсанд тэмдэглэжээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд манай улсад ирж, хоёр өдөр айлчилсан ч зорилго нь тодорхойгүй байсаар буцсан. Гэвч тэрбээр энэ үеэр Монголын Засгийн газарт ашигт малтмалаа зохистой ашиглахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан нь зургадугаар сарын эхээр тодорхой болсон юм.
Харин энэ удаагийн нууц айлчлалаараа Тони Блэйр манай Засгийн газрын тэргүүнтэй гадаадын шууд хөрөнгө оруулалт зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцэх бөгөөд түүний дотор Оюутолгойг тойрсон асуудал нэлээд чухал байр суурь эзэлж буй гэнэ. Тони Блэйрийн энэхүү айлчлал нууц тул мэдээлэл дамжуулсан Засгийн газрын эх сурвалж нэрээ хэлэхээс татгалзжээ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН