Монгол Ардын Намын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Шинэчлэлийн хорооны залуус Засгийн газрыг огцруулах шаардлага тавьсан. Засгийн газрыг огцруулснаар эдийн засгийн хүнд байдлаас гарч чадах уу?
-Нэгэнт буруутай үйл ажиллагаа явуулж, үүнээс улбаалж эдийн засагт их хэмжээний хохирол учирч иргэдийн амьдралд энэ нь нөлөөлж байгаа бол хариуцлагаа хүлээгээд огцрох ёстой гэж үзэж байна. Эдийн засгийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Бүхнийг хүчээр зохицуулж байна. Үнэ тогтворжуулах нэрийн дор нэг их наяд, 97 тэрбум төгрөг олгочихоод байгаа. “Чингис” бондын эх үүсвэрээр хийж буй бүтээн байгуулалтын ажлууд нь импортыг хяналтгүй нэмэгдүүлж, үргүй зардал болж байна.
Засгийн газрын ярьж, хэлж байгаа бодлого шийдвэр өнгөн дээрээ зөв мэт харагдаж байгаа боловч яг ажлынх нь гүнд ороод харвал энэ их мөнгийг юунд ашиглаад байгаа нь мэдэгдэхгүй, үр дүн нь бараан дүр зурагтай. Төсвийн гүйцэтгэлийг аваад үзвэл эдийн засаг чөлөөт жам ёсноосоо аль хэдийнэ хазайчихсан, буруу замаар явж байна. Хүчээр зохицуулаад байгаа хөрөнгө нэг л өдөр байхгүй болно шүү дээ. Эдийн засаг сүйрч унахад бэлэн болсон. Үнийн өсөлтөөс гадна цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэн нь иргэдийг ихээр бухимдуулж байна.
Сургалтын төлбөр өсөж, орон сууцны үнэ 20 гаруй хувиар нэмэгдсэн. Ийм байдлаар цаашаа явбал цалин хөлсөө тавьж чадахгүй байдалд хүрэх эрсдэлтэй, олон газар өвлийг хөлдүү, харанхуй байдалтай өнгөрүүлж мэдэхээр байна.
-Шинэчлэлийн хороонд ингэхэд яг хэдэн залуу байна вэ?
-Шинэчлэлийн хороо байгуулагдаад жил орчмын хугацаа болсон. Бодлогын болон зохицуулах зөвлөлийн идэвхтэй 30 орчим хүн байдаг. Бидний үйл ажиллагааг дэмждэг олон арван мянган хүн бий. Шинэчлэлийн хороо МАН-ын бодлого шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулж байгаа. Ингэхдээ бид намынхаа гишүүд дэмжигчид, жирийн иргэдийн үгийг сонсож, саналыг нь авч байна. Шинэчлэлийг зөвхөн прагтикт тулгуурлаж хийх биш, шинжлэх ухааны ул үндэслэлтэйгээр, бусад орнуудын улс төрийн намуудын шинэчлэлийн туршлагыг судалж ажиллах ёстой гэж үзэж эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг авч ажиллаж байна. Шинэчлэлийн санал санаачилгууд бол манай намын жирийн гишүүн дэмжигчдийн захиалга гэж ойлгож болно. Хэн нэгэн даргын захиалгаар, ямар нэгэн бүлэглэлийн эрх ашигт нийцсэн биш, намынхаа гишүүдийн олон жилийн турш байнга тавьсаар ирсэн боловч огт хэрэгждэггүй байсан санал шүүмжлэлүүдийг намын бодлогод тусгаж, шийдвэрлүүлэхийн төлөө зорьж байна. Монголын улс төр нийтээрээ бохирдсон байна. МАН шинэчлэлээрээ улс төрийг цэвэршүүлэх загвар болж, бусад намыг ч гэсэн уриалж ажиллах ёстой гэж үздэг.
-Танай залуус саяхан Хөвсгөл яваад ирсэн гэл үү. Ямар ажил амжуулаад ирэв?
-Шинэчлэлийн хороо орон нутаг дахь аянаа эхлүүлээд явж байгаа. Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллаад ирлээ. “Намаа аваръя, төрөө эрүүлжүүлье, нийгмээ хөгжүүлье” нэртэй улс төрийн илтгэл тавьж хэлэлцүүлж байна. Түүнчлэн орон нутгийн иргэдэд ямар асуудал тулгамдаад байгаа, ахуй амьдрал нь ямар байна, юу шаардлагатай байгаа талаар санал, шүүмжлэлийг нь авлаа.
-Та бүхний дэвшүүлж буй санал, санаачилгыг хэр нааштай хүлээж авах юм бэ?
-Залуус МАН-ын шинэчлэлийг хүсэн хүлээж байна. Зөвхөн манай намын ч гэлтгүй нам бус олон иргэнтэй уулзлаа. МАН залуусын итгэлийг авахгүй байгаа нь үнэн. Намын удирдлагууд залуусын дунд орж ажиллаж чадахгүй байна. Залуус юу хүсэж, мөрөөддөг, өрх гэр нь ямар орлоготой гэдгийг мэдэхгүйгээр цонхоор харж байгаад дүгнэлтээ хийж, хэдэн дарга нар бодлого гаргадаг. Энэ нь залууст огт наалдахгүй байна гэж орон нутгийн гишүүд хэлж байна. Тийм учраас хоосон, гял цал болсон арга хэмжээ зохион байгуулах биш, бодитой, сурлага хөдөлмөрт нь наалдацтай тийм бодлого дэвшүүлж ажиллах юм бол Ардын намыг дэмжихэд бэлэн байгаа юм байна.
-Нэг хэсэг сонинуудаар талцсан юм шиг ярилцлагууд нэлээд гарсан. Шинэчлэлийн хорооныхон нэг өөр юм хэлж, намын архаг гишүүд залуусаа хүлээн зөвшөөрөхгүй, бассан өнгө аястай ярьж байсан. Одоо ч гэсэн тэд залуусынхаа дуу хоолойг сонсох дургүй хэвээр байна уу?
-Энэ цагийн шинэчлэл өвөрмөц онцлогтой байх ёстой. Өмнө нь шийдэж чадаагүй бүтэц зохион байгуулалтын гажуудал, анхан шатны байгууллагуудаа бодлого шийдвэртээ оролцуулдагг үй, санхүү, хөрөнгө мөнгөний бохир сүлжээг цэвэрлэж чаддаггүй, ард иргэддээ хүрч ажилладаггүй, оновчгүй бодлого боловсруулдаг зэрэг энэ бүх завхралыг шинэчлэлээрээ засаж, шийдэмгий арга хэмжээ авах ёстой. Удахгүй болох Их хурал тэсрэлттэй, шинэчлэлийн томоохон хурал болно. Зөвхөн даргыг солих талаар хэлэлцэх биш, МАН шинэчлэлийнхээ томоохон зорилт хөт өлб өрүүдийг батлахаас гадна иргэдийн болон өрх гэрийн амьдралд юу авчирч чадах вэ гэдгийг гаргах чухал хурал болох ёстой гэж үзэж байгаа. Тийм ч учраас энэ шинэчлэлийг зөвхөн залуучууд биш ахмадуудтайгаа, бүх үеэрээ хамтарч хийх ёстой. Яг өнөөдрийн байдлаар шинэчлэлийг намын хамт олон нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас шинэчлэгдэх ёстой гэдэг дээр санал нийлцгээсэн нь манай намын том давуу тал.
-Шинэчлэлийн нэр зүүсэн хэдэн залуус сандал суудлын төлөө улайрч байна гэсэн хардлага байгааг бодвол дуулсан л байх, тийм үү?
-Ер нь намын шинэчлэлийг ярьж яваа, энэ зорилтыг дэвшүүлж байгаа олон хүн байгаа л даа. Тэдний өмнөөс хариулт өгч мэдэхгүй байна. Шинэчлэлийн хорооны зүгээс бидний тавьж байгаа зорилт, зорилгууд бол ерөөсөө л манай намын гишүүдийн захиалга. Бид энэ хугацаанд төрөл бүрийн уулзалт хэлэлцүүлэг хийж, шинэчлэлийн өргөө гэрээрээ дамжуулж, гишүүд дэмжигчдийнхээ саналыг авсан. Аль нэг бүлэглэл, даргын нөлөөгүйгээр энэ саналуудыг ажил хэрэг болгоё гэсэн зорилго дэвшүүлээд ажиллаж байна.
-Танай намын нэр хүнд нийгэмд унасныг лидергүй болсонтой холбож тайлбарлах хүн олон байдаг?
-Олон нийтийн дунд ийм яриа байдаг. Энэ бол ор үндэсгүй ч биш. Намын даргыг сонгож байгаа байдал хөшигний цаана, далд хуйвалдаан, бүлэглэлийн чанартай явагддаг учраас лидерийн хомсдолд орох нэг шалтгаан болсон. Нам доторхи далд бүлэглэлүүдийг ил болгоод намын төлөөх өрсөлдөөнөөр нь ажлыг нь дүгнэдэг болговол манай намд лидерүүд олноор тодорч гарах боломжтой.
-Их хурлаар намын даргыг солих тухай ярина. Өөрийн чинь хэлдгээр хэдхэн хүн тойрч суугаад томилохгүй гэх баталгаа байна уу?
-Даргыг сонгох онцгой бүрэн эрх нь намын Их хуралд байдаг. Гэтэл сүүлийн үед намын даргыг Бага хурлаараа сонгодог болсон. 20 хүрэхгүй хүн тойрч сууж байгаад шийдэж байсан. Энэ шийдвэр нь ямар оновчгүй байдаг, намыг яаж уналтад оруулдаг бодит жишээг бид амьдрал дээр харж байна л даа. Их хурлын төлөөлөгчдийн тоо 720 гэж санал орж ирснийг Шинэчлэлийн хорооны зүгээс эсэргүүцэж, аль болох олон төлөөлөл байлгах ёстой гэж үзэж 1134 хүн оролцуулахаар болсон. Их хурлаас харьцангуй эрүүл шийдвэр гарна гэж найдаж байгаа.
-Шинэчлэлийн хорооны залуусыг анх дуугарч эхлэхэд У.Хүрэлсүхийн гар хөл бологчид гэж хардаж байсан. Та нар түүнтэй холбоотой байдаг уу?
-Миний хувьд Хүрэлсүх даргыг Монголд ирснийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс л олж уншсан. Түүнээс биш холбогдож, ярьж уулзсан зүйл байхгүй. Биднийг М.Энхболдын, Сү.Батболдын захиалгаар явж байна гэх мэдээллүүд гарч байсан. Үүнийг бидний үйл хэргийг харлуулах зорилгоор гаргаж ирж байгаа захиалгатай мэдээлэл гэж ойлгож хүлээж авсан.
-Тусгаар тогтнолын өмнө байсан гэр Шинэчлэлийн хорооныхныг илэрхийлэх нэг хүчин зүйл байсан юм шиг санагддаг. Тэр гэр ингэхэд хаачсан бэ?
-Бид шинэчлэлийн өргөө гэрийнхээ хөтөлбөрийг 21 аймагт хэрэгжүүлж байгаа. Сая явсан таван аймагт гэрээ барьсан. Тусгаар тогтнолын гадаа барьсан хоёр сарын хугацаанд нийт 6000 орчим иргэн бидэнтэй санал бодлоо хуваалцсан. 2000 гаруй нь бичгээр саналаа өгсөн. Энэ гэрт зөвхөн манай намын гишүүдээс гадна бусад намын гишүүн, нам бус иргэд ч мөн орж ирсэн. Тэгэхээр гэрээр иргэдтэй уулзах ажилдаа онцгой ач холбогдол өгөх ёстой юм байна гэж үзсэний үндсэн дээр 21 аймгаар гэрээ аялуулж байгаа.
-Дан ганц залуус хашгирч гарч ирээд шинэчлэл хийчихнэ гэж бодохг үй байна, хүмүүс ч хүлээн зөвшөөрөхгүй байх аа. Ахмадууд, залуу үе, намын үе үеийн нөлөө бүхий гишүүд хамтраад шинэчлэл хийх гол хөшүүрэг нь юу байх вэ?
-Энэ бол маш өндөр ач холбогдолтой асуулт. Ерөөсөө МАН-ын шинэчлэл цаашдаа амжилт олох уу, үгүй юү гэдэгтэй холбоотой асуудал. Одоогийн намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөл, ахмадууд, эмэгтэйч үүд, Шинэчлэлийн хороо бүгд гар нийлж, энэ шинэчлэлийг хүлээн зөвш өөрөөд, Их хурлаараа санал санаачилгуудаа хамтаараа гаргаж, баталж, нэгэн дуугаар шинэчлэлээ хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Цаашдын манай намын эв нэгдэлд, шинэчлэл амжилт олоход, нам нэгэн цул болж, дотоод шинэчлэлээ хийж, төрөө эрүүлжүүлж, нийгмээ хөгж үүлэх үйлсэд дуу хоолойгоо хүргэхэд энэ нь чухал ач холбогдолтой.
Г.ОЮУН