Шүүхийн шинэтгэлийн багц хуулийн хүрээнд УИХ шинээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль баталсан. Дээрх хуулийг ирэх оны нэгдүгээр сараас дагаж мөрдөх бөгөөд хуулийн хэрэгжилтээс өмнө хуульчийн мэргэжлийн стандартыг батлах, сахиулах үндсэн чиг үүрэгтэй мэргэжлийн өөрөө удирдах ёс бүхий Хуульчдын холбоог байгуулахаар болсон юм. Өнгөрсөн өдрүүдэд Төрийн ордонд Монголын хуульчид цугларч, анхдугаар их хурлаа хийж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийг хэлэлцэн баталж, холбооны Ерөнхийлөгчөө сонгов. Анхдугаар их хуралд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, хуульчийн эрх авсан 4500 хуульчаас сонгогдсон 490 төлөөлөгч оролцсон бол төлөөлөгчдийн 98 нь прокурор, 196 нь өмгөөлөгч, 98 нь шүүгчид гэж зохион байгуулагчид мэдэгдэв. Анхдугаар их хурлын төлөөлөгчдөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт явуулж “Монголын хуульчдын холбоог байгуулж байгаа нь төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагад шилжүүлэн өгч байгаа анхны тохиолдол. Хуульчдын холбооны үйл ажиллагаа болон Монголын нийт хуульчийн шударга ёсны үйл хэрэгт амжилт хүсэж байна” гэжээ.

Эл хурлыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нээж “Хуульчийн холбоо болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийг боловсруулах, хуульч мэргэжлийн стандартыг бий болгох, хариуцлагын тогтолцоог аливаа төрийн болон улс төрийн байгууллагын оролцоогүйгээр зөвхөн хуульчид өөрсдөө бий болгоно” гэж хэлэв. Монголын хуульчдын холбоо нь мэргэжлийн холбоо тул ямар нэгэн яам, Засгийн газарт огт хамааралгүй, мэргэжлийн зөвлөмж гаргах эрхтэй болохоос шийдвэр гаргах үйл явцад оролцохг үй хэмээн санаачлагчид нь хэлж байна. Мөн энэхүү холбоо байгуулагдсанаар иргэдийн зүгээс гаргадаг “Хуульчдад тооцох хариуцлага алга” гэсэн гомдолд хариулт өгөх боломжтой болно. Өөрөөр хэлбэл шүүх, прокурор, өмгөөлөгчийн ёс зүй, ажил мэргэжлийн ур чадвартай холбогдуулан гаргасан иргэдийн гомдол, маргааныг мэргэжлийн холбоод нь хаацайлаад өнгөрдөг жишиг өнөөдрөөс өөрчлөгдөж, Хуульчдын холбоо нэгдсэн хяналт тавьдаг системд шилжиж байгаа гэв.
Тус холбоо иргэдийн гомдлыг холбооны дүрмийг үндэслэн шалгаж, хуульчдаа хянах бөгөөд хуульчдын буруутай үйлдлээс болж иргэн хохирсон нь тогтоогдвол тодорхой хариуцлага хүлээх бөгөөд хуульчийн лицензээ хураалгах нь хамгийн хүнд шийтгэл байх аж. Түүнчлэн энэ холбоо байгуулагдсанаар аль нэг улс төрийн нам, бүлэглэлд багтдаг хуульч албан тушаал дэвших биш хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалж, шударга ажиллаж чаддаг, мэргэжлийн нэр хүндтэй хүмүүсийг холбооны саналаар томилдог болох зарчимд шилжих бөгөөд мэргэжлийн холбооны үйл ажиллагаанд Хууль зүйн яам хяналт тавих гэнэ. Ингэснээр давхар хяналтын тогтолцоо бүрдэж байгаа хэмээн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тайлбарлаж байв. Ерөнхийлөгчийн “Монголын хуульчдын холбоог байгуулж, төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагад шилжүүлэн өгч байна” гэж тодотгосон хуульчдын анхдугаар хурлын нээлтэд лоозон, ишлэл ноёлж байсан бол гадна талд “Хуульчдын мэргэжлийн холбоо Ерөнхийлөгч, Хууль зүйн сайдын дэмжлэг, шууд оролцоотой байгуулагдаж, Хууль зүйн яам холбооны үйл ажиллагаанд хяналт тавих гэж байгаа нь сонин хэрэг.
Хуульчдын холбоо байгуулагдсан өдрөөсөө тодорхой улстөрчдөд шууд үйлчилж, хууль хяналтын байгууллагыг удирдаж байгаа томчуудын тоглоомын хөзөр болж байна” гэх шүүмжлэлийг дагуулж байна. Түүгээр ч зогсохгүй энэ хурлын төлөөлөгч болох 500 хуульчийг сонгосон хэлбэр нь шударга биш байсан. Төлөөлөгчдийг анхнаасаа хяналт хийх зориулалттай сонгосон. Мөн Хуульчдын холбоо Хууль зүйн яамны биш УИХ-ын хяналтад байх ёстой” гэсэн байр суурь сонсогдож эхэллээ. Нэгэнт батлагдсан хууль, түүнийг дагаж мөрдөх тоглоомын дүрмийн араас хуульчид мэр сэр гомдол унагаж байгаа нь “өнгөрсөн борооны хойноос цув нөмөрдөг” жишээ хуульчдад ч давтагдаж буйг харуулав. Ийнхүү ирэх оны нэгдүгээр сараас мөрдөх Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжихээс өмнө шинээр байгуулагдах учиртай Хуульчдын холбооны ажлыг шуурхайлах галт тэрэг нэгэнт хөдөлжээ. Юутай ч Хуульчдын холбоо хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох, хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх юм байна.
Хуульч бүр энэ холбооны гишүүн байх бөгөөд холбоо хуульчдын нэгдсэн бүртгэлийг хөтлөх аж. Түүнчлэн энэ хуультай зөрчилдөхгүй бол хуульчид сайн дураараа нэгдэж төрийн бус байгууллага байгуулж болох ба шүүгч, прокурор өөрсдийн нэр хүнд, хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжихээс бусад зорилгоор мэргэжлийн болон төрийн бус бусад байгууллагад эвлэлдэн нэгдэхийг хуулиар хориглосон байна. Мөн Хуульчдын холбоо хуульчийн шалгалт зохион байгуулж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хуульчийн үргэлжилсэн болон албан бус сургалт зохион байгуулах, багц цагийг тооцох, хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, мэргэжлийн дүрэм батлах, сахиулах, мэргэжлийн хариуцлагын хороо байгуулан ажиллуулах, шүүгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулахад оролцох, хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад нэр дэвшүүлэх зэрэг данхайсан эрх эдлэхээр болж байна.
Хуульчдын холбооны ээлжит хуралдаан хоёр жилд нэг удаа хуралдах бөгөөд холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа мөн хоёр жил байх гэнэ. Ийнхүү гурван өдөр үргэлжилсэн тус хурлын төлөөлөгчид холбооны анхны Ерөнхийлөгчөөр 2012 оноос эхлэн Монголын өмгөөлөгчдийн холбоог удирдаж ирсэн Д.Батсүхийг сонгосон байна. Түүнтэй ХЗЯ-ны БХЗГын дарга О.Алтангэрэл өрсөлдөж 48.95 хувийн санал авсан бол Д.Батсүхийг төлөөлөгчдийн 51.05 хувь дэмжсэн байна. Сонирхуулахад, хуульчид холбоондоо сар бүр 20 мянган төгрөгийн татвар төлж, холбооны Ерөнхийлөгч нь сард нэг сая 88 мянган төгрөгийн цалин авч байх санал орж ирсэн ч ажлын хэсгийнхэн хуралд оролцогчдын саналаар хоёр сая төгрөг болгон баталсан байна. Энэ нь шүүгчийн сарын цалинтай тэнцэж байгаа юм.
Д.ЦАЦРАЛ