Манай улсад ажиллахаар өнгөрсөн амралтын өдрүүдэд ирсэн Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдтой уулзаж ярилцжээ. Уулзалтын үеэр талууд хамтран ажиллах чиглэлээр санал солилцсон байна.
“Тони Блэйр сан”-гийнхан өмнөх Ерөнхий сайд С.Батболдын үед Монголын Засгийн газарт хамтран ажиллах санал тавьж байсан аж. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн даргатай уулзаж ярилцах саналыг ноён Тони Блэйр өөрөө тавьжээ. Түүний үүсгэн байгуулсан “Тони Блэйр сан” манай Засгийн газартай таван төсөлд хамтран ажиллахаар гэрээ байгуулаад байгаа. Одоогоор тус сангийн гурван төлөөлөгч Монголд ажиллаж буй бөгөөд төслийн явц ямар байгаатай Тони Блэйр танилцахаар ирсэн юм.
Тони Блэйр өдгөө улс төрийн ямар нэгэн албан тушаал хашдаггүй бөгөөд сангаараа дамжуулан хөрөнгө оруулалт, тусламж үзүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэхэд нь зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлж, 30 гаруй орны Засгийн газартай хамтран ажилладаг аж.
Р.Оюун