Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг гишүүн Ж.Батзандан УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьжээ.
Төрийн улс төрийн, захиргааны болон тусгай албаны удирдах албан тушаалтан тухайн албан тушаалыг хашиж байх болон чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд өөрийн болон эхнэр/нөхөр/, өрхийн бүртгэлд бүртгэлтэй хамтран амьдардаг насанд хүрээгүй хүүхэд, эцэг эхийн нэр дээр оффшор компани байгуулах, оффшор банк, банк бус санхүүгийн байгууллагад оффшор данс эзэмшихийг хориглох, гадаад улсад үл хөдлөх хөрөнгө өмчлөх болон гадаад улсын аж ахуйн нэгж компанийн үнэт цаас эзэмших тохиолдолд тухай бүр Авлигатай тэмцэх газарт урьдчилан мэдэгдэхээр төсөлд тусгасан байна.
Мөн “Оффшор” гэж гадаадын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын нэр, хөрөнгийн хэмжээ зэрэг мэдээллийн нууцлалыг хангаж, татварын хөнгөлөлт болон чөлөөлөлт санал болгодог үйл ажиллагааны аливаа хэлбэрийг ойлгоно гэсэн тодорхойлолтыг тусгаж өгчээ.
С.ТУУЛ