“Сэлэнгэ” төслийг эзэмшдэг “Haranga Resources” компани нэмэлт хувьцаа гарган 1.44 сая ам.доллар босгосон тухай Австралийн хөрөнгийн бирж мэдээллээ. Тус компани хөрөнгө оруулагчдадаа 3.26 ширхэг хувьцаа тутамд нэг ширхгийг 0.018 ам.доллараар худалдан авах эрх олгосон байна. Тэд анх 80.2 сая ширхэг хувьцаа санал болгосноос 33.8 сая ширхгийг нь худалдан авах санал ирүүлсэн гэнэ. Гэхдээ “Golden Rain Holdings” компани үлдэх 46.4 сая ширхэг үнэт цаасыг худалдан авчээ.
Улмаар “Golden Rain Holdings”-ийн толгой компани “Lippо” групп нь “Haranga Resources”-ийн эзэмшлийн хувиа 33.5 болгосон байна. Өмнө нь энэхүү хувь 13.4 байсан бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 19.9 болгон өсгөж байжээ. Төмөр замтай ойр оршдог “Сэлэнгэ” төслийн талбай нь 254.4 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй аж.
Ц.Болор