“Дөрвөн сая төгрөгөө луйвардуулчихлаа” гэсээр иргэн Өлзийсайхан манай сонинд хандав. Түүний ярианаас үзвэл гадаадынхан монголчуудаас их хэмжээний мөнгө луйвардаж байгаа аж. БНХАУ-ын интернэт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг топ таван компанийн нэг нь “Лин Рүй” аж. Түүний салбар гэгдэх “Монгол Лин Рүй” гэх компани 2012 оны наймдугаар сард Монголд байгуулагдсан юм байна. Тиймээс энэ компанийн талаар мэдээлэл олж авах санаатай “Google”-ээс “Монгол Лин Рүй” гээд хайхад эднийхтэй холбоотой нэг ч үг, өгүүлбэр гарч ирсэнгүй.
2012 оноос Монголд үйл ажиллагаа явуулж, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай гэх сүржин нэрийн дор манай 1500 орчим иргэний мөнгийг хуу хамчихаад байгаа эл компанийн талаарх мэдээлэл огт байхгүй байгаа нь гайхмаар. Тиймээс бид тус компанийн оффис дээр очиж, учир шалтгааныг тодруулахаар зорилоо. Чингэлтэй дүүргийн нутагт УИХ дэлгүүрийн баруун талд “Монос” эмийн сантай байрны яг ард “Монгол Лин Рүй” гэх компани байрладаг юм байна.
Биднийг очиход нягтлан, касс, орчуулагч зэрэг бусад ажилтан нь байлаа. “Өнөөдөр” сониноос явж байна гэхэд кассанд суудаг (гадаад, дотоодын бүх гүйлгээг гардан шилжүүлдэг) хятад эмэгтэй гадуур хувцсаа өмсөлгүй гарч зугтаасан бол нэг ажилтан нь “Зүрх өвдлөө” гээд уйлж эхэлснээ удалгүй унаж татсан дүр эсгэж, жүжиг тавив. Тус компанийнхан иргэдээс хэрхэн мөнгө салгахаа сайн мэддэг бололтой. Тэд иргэдийн мөнгийг хөрөнгө оруулалт нэрээр луйвардан, эхний хэдэн сард хувь ашиг өгч, итгэлийг нь олдог. Үүнд нь итгэсэн иргэд танил тал, найз нөхдөдөө хэлж, бүр их хэмжээний мөнгөө өгч хохирдог юм байна. Өдгөө тэд 1500 гаруй иргэнээс нийт гурван тэрбум орчим төгрөг авчихаад хувь ашиг өгөх нь битгий хэл, үндсэн мөнгийг нь ч өгөлгүй хагас жил болж байгаа гэнэ. Тиймээс хохирогчид нь хэд хоногийн өмнөөс оффист нь ээлжээр 5-6-уул манаж хонож байгаа аж. Ингэхгүй бол хүмүүсийг нь хаашаа ч юм зугтаагаад алга болж мэднэ гэсэн. Энд өдөр, шөнөгүй л хэл ам, хэрүүл уруултай байдаг бололтой. Тэдний хэлснээр мөнгийг нь өгч чадахгүй гэх сургаар 2-3 хүн цус харваж, олон арван хүний амь амьдрал сүйрч байгаа аж. Тэдэнд хамаг мөнгөө алдсан гэр бүл салж, байртай нь байргүй, машинтай нь явган хоцорчээ.
Иргэн Өлзийсайхан дөрвөн сая төгрөгөө алдсан юм байж. Тэрбээр өөрийгөө хамгийн бага хохиролтой нь гэж тодорхойлсон. Өнөөдрийн энэ хэцүү цаг үед дөрвөн сая төгрөг бага мөнгө биш. Гэтэл хохирогчидтой уулзаад нээрээ л хамгийн бага хохирсон нь Өлзийсайхан юм байна гэж бодоход хүрсэн. Учир нь арав, хорь, 70-80 сая төгрөгөө хүртэл өгөөд алдчихсан хүн байна. Итгэхийн аргагүй. Зарим нь мөнгөө өсгөх санаатай байр, машин, үл хөдлөх хөрөнгөө барьцаалан зээл аваад тэдэнд өгчихжээ. Гэтэл тэд зургаан сарын турш “Монгол Лин Рүй”-гээс нэг ч төгрөг аваагүй тул зээлээ ч төлж чадахгүйд хүрсэн байна. Тэд ажилтнуудыг нь хий дэмий загнаж, зандарч л өдөр хоног өнгөрүүлж байгаагаа бидэнд хэлсэн. Данс тооцоогоо хариуцан ажилладаг нягтлан нь хүртэл хүмүүсийн зээлийн мэдээллийг хадгалсан компьютерээ аваад зугтсан гэнэ.
“Монгол Лин Рүй” гэх компанийн эзэд нь хятад хүмүүс байдаг гэнэ. Орчуулагчаар нь дамжуулан мөнгөө авах гэж шахаж шаардаж байгаа ч “Хүлээ, бидэнд итгэ” гэхээс өөр юу ч хэлдэггүй аж. “Хүлээж чадахгүй гэвэл явдаг газраараа яв” гэсэн байх юм. Тэд цагдаагийн байгууллагаар явж болох ч хадгаламж зээлийн хоршоодын хохирогчид шиг сохор зоос ч олж авч чадахгүй болчих вий хэмээн эмээж, оффисынх нь өрөөг ийн шөнө, өдөргүй манаж байгаа юм билээ. Хохирогчид нь “Монгол Лин Рүй” бол БНХАУ-ын топ компанийн салбар биш. Монгол, хятад хүмүүс нийлэн луйвар хийж, мөнгө угааж байхаас зайлахгүй” гэсэн юм. Ингэж бодох болсон нь өнгөрсөн онд харилцагч таван хүнээ БНХАУ-ын “Лин Рүй” группэд зочлуулсан юм байна. Тэгэхдээ нэг ч хүнгүй, амралтын өдөр оффисоор нь хальт оруулаад гаргасан юм байх.
Мөн хохирогчид “Болохгүй бол танай төв компанид хандана” гэхээр “Тэднийх манайд хамаагүй. Бид зүгээр л гэрээт борлуулагч нь” гэсэн байгаа юм. Мундаг эдийн засагтай, бүхэл бүтэн улсын топ компанийн нэр барьж, улс дамнан луйвар хийж байгаа, эсэхийг бид дараа нэхэн мэдээлэх болно.
Б.ОРГИЛ