Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 18-нд тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзан улаан буудай импортлох асуудлаар саналыг нь сонсов. Энэ үеэр тэрбээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тариалан эрхлэгчдийн холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбооны төлөөллийг оролцуулсан Ажлын хэсэг байгуулж, улаан буудайн чанар гурил үйлдвэрлэх стандартад тохирох, эсэхийг ойрын хугацаанд тогтоож, тэр хүртэл импортыг түр зогсоох үүрэг өгчээ. Энэ нь ОХУ-аас 20.000 тонн буудай импортлох тухай энэ сарын 14-нөөс өрнөсөн маргааныг таслах гэсэн алхам байсан бололтой. Манай улс Атрын III аянаас хойш дотоодынхоо гурилын хэрэгцээг бүрэн хангаж чаддаг болсон амжилттай. 2014 онд 465.000 тонн улаан буудай хураасан нь түүхэн дээд үзүүлэлт. Ийм боломж бүрдчихээд байхад улаан буудай тойрон хэрүүл гардаг уламжлал тогтоод буй нь юуных вэ. Импортын улаан буудай тойрсон хэрүүл өнгөрсөн намраас улбаатай. Тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Үр тариа эрхлэгчдийн холбоо, улаан буудай импортлох зөвшөөрөл авсан гурилын үйлдвэрүүд, гурил импортлогч томоохон компаниуд хамтарсан уулзалт хийж, тариаланчид, гурилын үйлдвэрүүд, яамны гурван тийшээ харсан маргаанд цэг тавьсан.
Уулзалтын үеэр гурил үйлдвэрлэгчид импортын гурилын хэмжээг багасгах, Үр тариа эрхлэгчдийн холбооныхон импортын улаан буудайн зөвшөөрлийг цуцлах шаардлага тавьж байв. Түвэгтэй байдалд хүргээд байсан энэ асуудлыг нээлттэй хэлэлцсэний үндсэн дээр 2015 оны хоёрдугаар сарын 15 хүртэл улаан буудай импортлохгүй гэсэн дөрвөн талт хэлэлцээр хийснээр буудай тойрсон бужигнаан түр намжсан. Гэтэл тогтсон хугацаанаас өмнө маргаан дахин дэгдэв. Тариаланчид болон гурилын үйлдвэрүүд өнөөх л буудайн импортын асуудал дээрээ хоёр тал болон сөргөлдөж байна. Үйлдвэрлэгчид энэ тухай “Дотоодын чанаргүй буудайнд хольж чанартай гурил үйлдвэрлэхийн тулд” гэж өөрсдийгөө зөвтгөж буй бол тариаланчид “Энэ жилийн улаан буудай цавуулаг сайтай. Борлуулаагүй буудай зөндөө байхад нэмж импортлох нь” гэж эсэргүүцэж буй. Улаан буудайн чанар сайн, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэж салбарын яамнаас мэдэгдсэн атлаа энэ сарын 7-нд 20.000 тонн улаан буудай импортлох зөвшөөрлийг есөн аж ахуйн нэгжид олгох шийдвэр гаргасан нь энэ удаагийн хэрүүлийн бай болов. Хүнс, хөдөө аж ахуйн бодлого тодорхойлдог яамныхан яагаад өмнө нь тохиролцсон байрнаасаа ухарч ийм шийдвэр гаргах болсон тухайд ам ангайсангүй. Сайд нь ХБНГУ-ын Берлин хотод болж буй Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний VII чуулга уулзалтад оролцохоор явсан хойгуур тариаланчид, гурил үйлдвэрлэгчид нь талцаж Засгийн газрын тэргүүн хүртэл заргалдаж, улаан буудай импортлох үйл явцыг түр зогсоогоод байна.
Маргаан хэзээ, хэрхэн эцэслэхийг тааварлах боломж алга. Үр тарианы борлуулалтыг хаагаад зогсохгүй ирэх хавар тариалалт хийх боломжгүй байдалд хүргэж байна. Учир нь улсын хэмжээнд нийт 72.000 тонн буудай борлуулаагүй байхад нэмж импортлох болсон нь цаанаа ашиг сонирхлын зөрчилтэй” гэж тариаланчдын хэлснийг буруутгах замгүй. Улаан буудай импортлохыг дэмжиж, “Тариаланчид буудайн үнийг өсгөх гэж энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа” хэмээх үйлдвэрлэгчдийн хар бодит байдал дээр буух, эсэхийг ч үгүйсгэх аргагүй. Шийдэх арга зам хайж учрыг нь олох гэж оролдохоосоо илүү энэ Засгийн газартай хамтарч ажиллахгүй гэсэн тариаланчдын тунирхал үргэлжилж байна. Стратегийн гэгддэг, гол хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид ийнхүү дураараа загнахад хүргэсэн нь яамны буруу бодлоготой холбоотой байж ч мэдэх. Бодлогоор оролцох учиртай төр бизнест нь хутгалдчихаар ийн хардахаас ч яахав. Иргэдийнхээ талхны үнийг тэнгэрт хөөргөхгүй, байдлыг зөв үнэлж, дүгнэх зөв бодлого л одоо хэрэгтэй байна
Ч.ЗУЛ