УИХ өчигдөр төсвийн тодотголыг хэлэлцэж өнжив. Үдээс өмнө Төсвийн байнгын хороо хуралдаж, төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг, түүний дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулиудын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хорооноос долоон хүний бүрэлдэхүүн ажлын хэсэг гарч, тодотголыг хэлэлцүүлэгт бэлтгэжээ. Ажлын хэсгээс нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогыг 358.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 6.6 их наяд байхаар төсөл бэлтгэжээ. Харин зарлага ба цэвэр зээлийн дүнг 402.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 7.8 их наяд хүргэхээр өөрчилсөн байв. Ингэснээр төсвийн алдагдал 1.2 их наяд төгрөг болж, дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьтай тэнцжээ. Мөн улсын өрийн нийт хэмжээг дотоодын нийт бүтээгдэх үүний 58.3 хувьтай дүйхээр тооцоолсон байна. УИХ-д суудалтай намын бүлгүүд төрийн албан хаагчдын цалинг нэмэх, тэтгэмжийг танахаа болихоор шийдсэн нь тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийн онцлог байв. Авто бензин, дизелийн түлшний албан татварыг нэмж 228, “Эрдэнэт” үйлдвэрээс 30 тэрбум төгрөг нэмж төвлөрүүлэх зэргээр цалин, тэтгэврийг нэмэх, тэтгэмж олгох санхүүжилтийг төвлөрүүлэхээр тооцжээ. Байнгын хорооны гишүүдийн олонх нь санал хэлж, энэ оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн.
Тэтгэмжийг нэмж, “Эхийн алдар” одон, хүүхдийн мөнгийг олгох болсон тул Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сангийн тухай хуулийг өөрчлөх асуудал тулгарч буй. Байнгын хорооны гишүүдийн олонх Нийгмийн даатгалын сан хөрөнгийг 94.6, Хүний хөгжил сангийг хөрөнгийг 94.9 тэрбум төгрөгөөр нэмэхийг дэмжсэн юм. Үүний дараа төсвийн тодотголыг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан. Хэлэлцүүлгийн эхэнд Ч.Улаан гишүүн төсвийн тодотголыг баталсны дараа дагалдах хуулиудыг хэлэлцэх горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжив. Горимын саналаар санал хураахаас өмнө УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар “Хуулийн өөрчлөлтийг даган нэмэлт, өөрчлөлт орж буй хуулиудыг хамтад нь хэлэлцэх нь хуулийн зөрчил үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой байдаг. Хэрвээ төсвийн тодотголтой холбогдуулан нэмэлт, өөрчлөлт орох хуулиуд батлагдахгүй бол хууль хоорондын зөрчил үүснэ. Үүнийг гишүүд анхаарна уу” гэж тайлбарласан ч тусыг эс олов. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш 16.00 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлсэн. Ингээд төсвийн тодотгол, Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийг өөрчлөх хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр тогтсон юм. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураах явцад Ж.Энхбаяр гишүүн “Зэвсэгт хүчний хөгжлийн санд таван тэрбум төгрөгийн орлого олох бололцоо байсаар байтал үүнийг яагаад орлого нэмэгдүүлэх санал дээр оруулж ирсэнгүй вэ” гэж лавласан.
Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор “Ажлын хэсгээс дэмжээгүй саналуудыг татна гэж ярьсан. Намын бүлгийн удирдлага гишүүдээс гаргасан Байнгын хорооны ажлын хэсгээс дэмжээгүй саналуудыг татаж авсан. Тиймээс хувь гишүүнээс гаргасан саналыг оруулж ирээгүй” гэлээ. Ж.Энхбаяр “Хувь гишүүдийн гаргасан саналыг бүлгийн удирдлагууд татаж авсан нь зүйтэй. Гэтэл мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зайлшгүй шаардлагатай салбарын онцлогт тулгуурласан шийдвэрийг Байнгын хорооны гишүүд зуун хувь дэмжсэн байхад яагаад хасах болов” гэж тодотгов. УИХ-ын дарга “Орлого, зарлага нэмээг үй тохируулгын саналууд үлдэх ёстой байсан” хэмээгээд нэг гишүүний тойргийн биш, хөрөнгө оруулалт нэмэхгүй санал үлдсэн, эсэхийг тодруулан Төсвийн байнгын хороог дахин хуралдахыг даалган хуралдааныг түр завсарлуулсан. Чуулганы хуралдаан ажлын цагийн дараа үргэлжилж гишүүд Төсвийн байнгын хорооноос гаргасан саналуудыг нэг бүрчлэн санал хурааж дэмжив. Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийхэд асуулт асууж, санал хэлдэггүй, зөвхөн санал гарсан гишүүн түүнийг тайлбарлан үг хэлдэг дэгтэй аж. Төсвийн тодотгол гуравдугаар хэлэлцүүлгээр үргэлжинэ
Т.ЭНХБАТ