Манай улс хүүхэд хамгаалах тогтолцоогоо сайжруулах салбар тус бүр дээр хүүхэд хамгаалах чиг баримжааг олгох судалгаа явуулан хүүхэд хамгааллын зураглалтай болов.
Энэхүү судалгааны тайлан уулзалт НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хурлын танхимд боллоо. Уулзалтад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, МУБИС, хуульч, өмгөөлөгчдийн төлөөлөл бүхий хүүхдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүд оролцсон юм. Судалгааг найман сарын турш хийжээ.
Хүүхдийн төлөө үндэсний төвийн хүүхэд хамгаалах үйлчилгээний ахлах мэргэжилтэн Г.Ойнбаяр “Хүүхэд хамгааллын тухай үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд судалгаанд хамрагдсан. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг юун дээр алдсан, ямар чиглэлийг эрчимжүүлэх шаардлагатайг илрүүлэх зорилгоор судалгааг явууллаа. Манай байгууллага салбар дундын орхигдуулсан асуудлыг нээн илрүүлж тэдгээр асуудлын ач холбогдлыг нийгэмд дэлгэн тавихаар ажиллаж байна. Энэхүү зураглалтай болсноор хөдөө орон нутаг болон байгууллагууд хүүхдийн төлөө эрх ашгийг хамгаалах стратеги боловсруулахад илүү хялбар болох юм. Судалгааг хийснээр ямар хууль тогтоомж алдаа дутагдалтай байгааг нийгэмд дэлгэн, цаашдын хууль эрх зүй орчинд өөрчлөлт оруулахад амьдралд дөхөм судалгаа болсон гэж дүгнэж байна. Нэг айл дээд тал нь таван хүүхэдтэй гэхэд бүх хүүхдийн боловсрол, авьяас, эрүүл мэндэд эцэг, эхүүд нэг бүрчлэн анхаарч чадахгүй нь ойлгомжтой. Үүнтэй холбоотойгоор төсөл, хөтөлбөрүүдийг зөв зорилтод чиглүүлэхэд уг зураглал ач тусаа өгнө" хэмээн онцоллоо.
"Хүмүүс хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг холиод байдаг. Үүнийг зөв томьёолж боловсролын салбарын хүүхэд хамгаалал, хөдөлмөрийн салбарын хүүхдийн эрхийг дээрх зураглалд салангид тусгаж өгснөөрөө онцлогтой юм. Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж тулгамдсан асуудалтай хүүхдийг олж тэнд урт удаан хугацаатай хөтөлбөр боловсруулахад эл зураглал ач холбогдолтой. Түүчлэн байгууллага тус бүрийн хамтын ажиллагааг дээшлүүлэх аль салбар уналтад орсныг ил болгох ач тустай" хэмээн Дэлхийн зөн олон улсын байгууллагын хүүхэд хамгааллын мэргэжилтэнТ.Өлзийханд ярьсан юм.