ШӨХТГ-ын даргын албанд шинээр томилогдсон Т.Аюурсайхан өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж цаашид хийх ажлынхаа талаар ярилаа. Арилжааны банкууд шимтгэл, хураамж нэрээр иргэд, аж ахуйн нэгж үүдээс ижил төрлийн суутгал давхардуулж авдгийг өнгөрсөн долоо хоногт шүүх тогтоосон. Өрсөлдөөний тухай хууль болон холбогдох бусад хуульд банкуудын үйл ажиллагаа нийцэж байгаа, эсэхэд хяналт шалгалт хийхээ Т.Аюурсайхан хэлэв. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд шатахууны компаниуд төрөөс багагүй хэмжээний дэмжлэг авсан. Олон улсад 741 орчим ам.доллар байсан шатахууны үнэ өнгөрсөн долоо хоногт 340-360 ам.доллар болтлоо буурсан аж. Тиймээс ШӨХТГ шатахууны үнийг судлах ажлын хэсэг байгуулсан байна. Засгийн газраас яам, агентлагийн орон тоог 15 хувиар цомхтгох чиглэл өгсөн. Энэ хүрээнд ШӨХТГ ажилчдаа цомхтгож, 36 ажилтантай болсон байна. Цахилгаан дамжуулагч компаниуд эрчим хүчний үнээ нэмэхдээ ШӨХТГ-т мэдэгдэх ёстой аж. Өмнө нь 2013 оны долдугаар сард үнээ нэмэхдээ мэдэгдсэн. Гэвч өнгөрсөн онд мэдэгдэлгүйгээр гурван ч удаа үнээ өсгөсөн байна. Дур мэдэн нэмсэн цахилгаан түгээх зургаан компанид нийт 189 сая төгрөгийн торгууль ногдуулж, өмнөх шийдвэрийг хүчингүй болгох санал гаргасан. Гэвч ШӨХТГ-аас гаргасан шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо зөвшөөрөөгүй. Тиймээс Эрчих хүчний зохицуулах хорооны шийдвэрийг хүчингүй болгуулахаар ШӨХТГ шүүхэд хандсан байна. 70 орчим компани орон сууцны талбай дутаасан гэх 700 орчим гомдол ШӨХТГ-т ирсэн байна. Хохирлын хэмжээ нь 3.5 орчим тэрбум төгрөг болсноос 1.2 тэрбумыг нь иргэдэд буцааж олгуулжээ. 1.5 тэрбум нь барилгын гурван компанитай холбоотой. Иргэдийн гомдлыг барагдуулахыг эдгээр компаниудаас шаардаж ШӨХТГ шүүхэд ханджээ. Харин “АСА” циркийг хувьчлалыг хүчингүй болгуулхаар саналыг Төрийн өмчийн хороонд санал хүргүүлсэн гэнэ. Гэвч Төрийн өмчийн хорооноос ямар нэг шийдвэр ирээгүй учраас ШӨХТГ шүүхэд хаджээ. Шүүх хурлын тов хараахан гараагүй байна.
Т.ДЭЛГЭРЦЭЦЭГ