“Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” ТББ-ын гишүүд, орон нутгийн иргэдийн төлөөлөл “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах...” төслийг эсэргүүцэж Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ.
“Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Д.Ганболд” 2009 онд баталсан уг хуулийн хүрээнд голын урсац, усны сангийн хамгаалалтын бүс, ойн сан зэрэг газруудыг хамгаалалтад оруулсан. Үүний үр дүнд 2011 оны ус тооллогын дүнгээр гол горхи нөхөн, сэргэж экологийн тэнцвэрт байдалд сайнаар нөлөөлсөн хэмээх дүгнэлт гарч байсан. Гэтэл 2013 онд Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг УИХ-ын дарга З.Энхболдод дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан нь олон гол горхины усны түвшинг багасгаж, экологийн дүрвэгсэдийг нэмэгдүүлэхэд хүрч байна. Монголчууд усны хомсдолд ороод байгааг Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын жишээнээс харж болно. Тэд ус худалдаж авдаг үнийн дүнгээ жилийн дунджаар авч үзэхэд нэг литр ус 18 төгрөгний үнэтэй гарч байгаа юм. Олон сумын иргэдийн ундны усны хэрэгцээ уул уурхайгаас хамааралтай болж байгааг эсэргүүцэж нутгийн иргэд нэгдээд байгаа. Тиймээс энэхүү нэмэлт өөрчлөлт оруулах төслийг татан авахыг шаардаж байна” хэмээн хэллээ.
Мөн тэд энэ шаардлагынхаа хариуг долоо хоногийн дотор ирүүлэхгүй бол дараагийн тэмцэлд шилжих болно гэв.
HTML-