Хот тохижуулах газар 2012 онд хог ялган боловсруулах, ландфилийн аргаар дарж, булах хоёр цехийг 300 орчим сая төгрөгөөр байгуулсан. Гэвч уг цех өдий болтол ашиглалтад ороогүй байна. Учир нь хог ялган боловсруулах цех нь цахилгаанаар ажилладаг тул холболт хийгдээгүй ажээ.
Цахилгааны эх үүсвэр нь 1200 метрийн зайтай бөгөөд үүнд зарцуулах хөрөнгийг энэ оны төсөвт оруулахаар саналаа хүргүүлжээ. Харин ландфилийн аргаар хогийг дарж, булах цех нь нөөцөд байгаа гэнэ. Учир нь одоо ашиглаж байгаа хогийн цэг дүүрээгүй ажээ. Одоогийн хогийн цэг нь хашаатай тул хүрээгээ тэлээгүй гэдгийг Тээвэр, аж ахуйн хэсгийн дарга Н.Батбаяр хэллээ. Амжвал энэ оны тав, зургаадугаар сард ландфилийн аргаар дарах цехийг ашиглалтад оруулна гэлээ. Гэвч дээрх хоёр цех гар ажиллагаатай гэнэ. Орхон аймаг жилд 95000 м.шоо хогийг дарж булдаг.