2000 онд Сенегалын Дакар хотноо болсон Боловсролын асуудлаарх дээд хэмжээний чуулга уулзалтаар НҮБ, олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд, дэлхийн улс орнууд хамтран 2015 он хүртэлх “Бүх нийтийн боловсролын зургаан зорилт”-ыг дэвшүүлжээ. “Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол, халамжийг сайжруулах”, “Бүх нийтээрээ бага боловсролтой болох”, “Залуучууд насанд хүрэгчдийн сурч боловсрох боломжийг үлэмж нэмэгдүүлэх”, “Насанд хүрэгчдийн бичиг үсгийн боловсролыг 50 хувиар дээшлүүлэх”, “Сургуульд хүйсээр ялгаварлахыг таслан зогсоох”, “Боловсролын чанарыг бүхий л талаар сайжруулах” гэсэн дэлхий дахины зорилтыг биелүүлэх үүрэг авсан улс орон бүр өдгөө өөрсдийнхөө үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт хийж байна.
Манай улс ч мөн адил дэвшүүлсэн зорилтынхоо хэрэгжилтийг үнэлэх, ололт амжилт, сургамжаа тодорхойлох, цаашдын бодлого, стратеги, түүнд хүрэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэх, шинэчлэн баталгаажуулахаар өнгөрсөн баасан гаригт Бүх нийтийн боловсролын үндэсний чуулга уулзалтаа хийв. БСШУЯ, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан чуулга уулзалтаар Монгол Улсын үндэсний тайланг хэлэлцсэнээс гадна, өнгөрсөн хоёр жилийн үр дүнд тулгуурлан авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтээ ч дүгнэжээ. Цаашид талууд Бүх нийтийн боловсролын бодлого, түүний хөгжил шинэчлэлийн талаарх сонирхлын бүлгүүдийн хоорондын харилцан уялдаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой аж.