“Алтны магнат” хэмээн нэгэн цагт нэрийдэж явсан “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярын дампуурлыг зарлах шүүх хурал хоёрдугаар сарын 11-нд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхэд хийхээр товложээ. Тэрбээр өнгөрсөн зунаас эхлэн санхүүгийн эрсдэлд орж, наймдугаар сард үүргээ биелүүлж чадахгүй болсноо мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгүүлэх тухай хүсэлт тус шүүхэд гаргасан аж. Үүний дагуу Дампуурлын хэрэг үүсгэж, энэ сарын 20-ны 2365 дугаар захирамжаар “Монгол газар” компанийг төлбөрийн чадваргүйд тооцсон байна. Тиймээс “Монгол газар” компаниас авлагатай аж ахуйн нэгж, байгууллагуудын эрх бүхий төлөөлөгч нар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай болжээ. Нэхэмжлэлдээ “Монгол газар” компанийн хүлээсэн үүрэг, гүйцэтгэх хугацаа болон компанийг дахин хөрөнгөжүүлэх эсвэл дампуурсанд тооцож, татан буулгах саналаа тодорхой тусгаж, нотлох баримтаа хавсаргаж ирүүлэх шаардлагатай гэдгийг шүүхийн албаны хүн хэллээ. “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр нийгмийн даатгалд 10 гаруй, Монголбанкинд 30 гаруй, хувийн компаниудад мөн олон тэрбум төгрөгийн өртэй гэх баримт байдаг аж.