Монголын хэвлэл мэдээллийн салбарт Хэвлэлийн зөвлөл байгуулах чуулган энэ сарын 28-нд болно. Үүний өмнө өнгөрсөн баасан гаригт Улаанбаатар хот болон орон нутагт салбар хурлууд болж, Хэвлэлийн зөвлөлийн Удирдах зөвлөл, Ёс зүйн хорооны гишүүдийг сонголоо. Гишүүдийг хэвлэл мэдээллийн байгууллагуудын эзэд (ажил олгогчид), сэтгүүлчид, хэвлэмэл хэвлэлүүд, өргөн нэвтрүүлэг, сайтууд, санаачилгын сүлэг гэсэн зургаан хэсгээс хэвлэл мэдээллийн салбарынхан өөрсдөө сонгосон юм. Олонхийн санал авч, сонгогдсон гишүүдийг 28-ны нэгдсэн хурлаар батламжлахаас гадна санхүүжилт, ёс зүйн дүрмээ хэлэлцэнэ.
Хэвлэлийн зөвлөл нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллага байх агаад сонин, сэтгүүл, телевиз, радио, сайтаар цацагдсан мэдээ, нийтлэл, нэвтрүүлэг, гэрэл зураг, дүрстэй холбоотой гомдол хүлээн авч, Сэтгүүлчийн ёс зүйн дүрэмд нийцэж буй эсэх асуудлаар дүгнэлт гаргана. Хэрвээ сэтгүүлч, гэрэл зурагчин, зураглаач тухайн мэдээ, нийтлэл, нэвтрүүлэгтээ ёс зүйн дүрмээ зөрчжээ гэж үзвэл оноох хамгийн дээд “ял” нь залруулга гаргах шийдвэр байх юм.