Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам зохиодог “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.
Хуралд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа, Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүн нар оролцож мэдээлэл хийсэн юм.
Хэвлэлийн хурлын үеэр “Shuuh” аппликейшн ашиглан ухаалаг гар утсаар шүүхтэй холбоотой бүх төрлийн мэдээлэл авах боломжтой болсон талаар танилцуулсан юм.
АНУ-ын Азийн сангийн “Засаглал ил тод байдлыг дэмжих” төслийн санхүүжилтээр бүх төрлийн таблет, ухаалаг гар утсанд тохирох аппликейшн хувилбарыг боловсруулжээ.
Уг аппликейшныг интернэт дэлгүүрт байршуулснаар иргэд үнэгүй татан авч, шүүхийн шийдвэр болон бусад шаардлагатай мэдээ, мэдээллийг гар утаснаасаа хялбар аргаар, хурдан хугацаанд авах боломжтой болж байгаа аж.
Мөн гар утасны апп-аараа шинээр нэмэгдсэн шийдвэрүүдийн тоогоор алерт өгөх, шүүхүүдийн утас факс, и-мэйл, цахим хуудас, байршлыг “google map” дээр үзүүлэх, хэргийн харъяалал, улсын тэмдэгтийн хураамж, нэхэмжлэлийн загвар гэх мэт мэдээллээр баяжуулснаар шүүхэд хандах иргэдийн цаг хугацааг хэмнэн шүүхийн мэдээлэл лавлагааны ачааллыг бууруулах боломжтой болох юм.