- Дөрвөн ээлжээр хичээллэж байсан хүүхдүүд хоёр ээлжээр хичээллэж эхэллээ -
Нийслэлийн тэргүүний 58 дугаар сургууль өмнө нь дөрвөн ээлжээр хичээллэдэг байжээ. Харин өчигдөр гуравдугаар байр нь ашиглалтад орсноор хоёр ээлжээр хичээллэх болов. Уулын энгэрт байрлах, 620 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургуулийг “Төсөвт төсөл” компани өнгөрсөн долдугаар сараас барьж эхэлсэн гэнэ. Угаалтуур, суултуур нь хүүхдэд зориулсан жижиг, мөн анги болгоны харалдаа хувцас солих өрөөтэй юм билээ. Шинэ байранд 1-5 дугаар ангийн 20 бүлэг хичээллэж байна. Ингэхдээ багш нараас санал авчээ. Эцэг, эхчүүд хүүхдүүд нь эрүүл аюулгүй орчинд сурах боломж бүрдсэнд баяртай байсан ч зарим нь шинэ сургууль хуучнаасаа хол учраас хүүхдээ авчрахад хүндрэлтэй байгааг хэллээ. Сургууль хоорондын зай нэг км аж. Харин сургуулийн удирдлагууд хуучин сургуулиас шинэ байр хүртэл хүүхдүүдэд өглөө, өдөр, орой гурван автобусаар үйлчлэх учраас санаа зовох зүйлгүй гэсэн. Тус сургуулийн захирал Д.Болд “Манайх 2600 гаруй сурагчтай. “Үдийн халуун” хоол хөтөлбөр хэрэгжүүлдэг улсын гурван сургуулийн нэг. Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хорооны хүүхдүүд сурдаг. Анх зуслангийн айлуудын цөөн хэдэн хүүхэд сурдаг байсан бол байнгын оршин суугчид олширсноор манай сургуулийн ачаалал ч нэмэгдсэн. Иймээс дөрвөн ээлжээр буюу 08.00, 11.00, 13.00, 15.00 цагт хичээл ордог. Сүүлчийн хичээл 18.45 цагт дуусдаг байсан. Хичээлийн хоёр байрны нэг нь 1984 онд ашиглалтад орсон. Нөгөөг нь “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд япончууд манайд барьж өгсөн юм. Шинэ байртай болсноор боловсролын чанарын шинэчлэл, “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа чанартай явуулах боломж бүрдлээ. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид 440 хүүхэд элссэн.
Судалгаагаар ирэх жил 500-гаад хүүхэд элсэхээр байна. Сурагчдын тоо 3000-д хүрсэн ч манайх хоёр ээлжээр хичээллэх боломжтой” гэв. Нийслэлд 89 байршилд сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар болж, газар олгосноос энэ жил 17-г нь ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа. Тэгвэл хамгийн анхных нь энэ сарын 17-нд тус дүүргийн 11 дүгээр хороонд үүдээ нээсэн бол хоёр дахь нь ийнхүү хүүхдүүдээ хүлээж авлаа. Эл сургуулийг 2.2 тэрбум төгрөгөөр барьжээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан “17 дугаар хороонд цэцэрлэг хүрэлцээтэй байгаа тул цогцолборыг сургуулийн зориулалтаар ашиглахаар болсон. Ер нь цэцэрлэг болгох боломжтой. Энэ жил манай дүүргийн 18, 20 дугаар хороонд Дэлхийн банкны төслөөр хоёр цэцэрлэг ашиглалтад орно. Мөн 10, 16 дугаар хороонд дүүргийн хөрөнгөөр тус бүр нь найман бүлэгтэй хоёр цэцэрлэг барина” гэлээ. Шинэ сургууль нь тусдаа уурын зуухтай аж. Мөн спорт заалных нь шалыг цементлээд орхисон байв. Үүний учрыг гүйцэтгэгч компанийн захирал Х.Батбаатараас тодруулахад “Шаланд резин наах дутуу байгаа. Шал чийгтэй байсан учраас хараахан нааж амжаагүй. Нөгөө талаас технологио мөрдөн, эдэлгээ, чанарыг нь бодсон” гэв. Мөн тэрбээр “Тоосгоор өнгөлсөн цутгамал карказан энэ барилгыг концессийн гэрээгээр барьсан. Энэ онд үлдэгдэл 30 хувиа авна. Бид зээл авч, бүх бололцоогоо дайчлан богино хугацаанд барьж, ашиглалтад орууллаа” гэлээ.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ