Нийслэлийн 118 дугаар сургууль, Төв аймгийн Борнуур суманд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хүчин чадал багатай уурын зуухыг “HOB-Heat Only Boile” халаалтын зуухаар сольжээ. 4000 гаруй ам метр талбай халаах хүчин чадалтай уг зууханд сумын ЗДТГ, цэцэрлэг, сургууль, дотуур байр, соёлын төв зэрэг зургаан байгууллагыг холбосон байна. Зуух шинэчлэх төслийг манай улсын “Ану сервис”, Японы “Сүүри Кэйкакү” компанитай хамтран хэрэгжүүлж байгаа аж. Энэ ажилд нийт 130 сая иен буюу нэг тэрбум 800 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд Монголын талын гүйцэтгэгч компани санхүүжилтийг 100 хувь гаргасан байна. Гэхдээ нийт зардлын 50 хүртэлх хувийг Японы Байгаль орчны яамнаас буцааж авна. Учир нь 2013 он Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газар хооронд байгуулсан “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд дээрх төслийг хэрэгжүүлжээ.
БОНХАЖЯ, Японы ЭСЯ-ны ажилтнууд Төв аймгийн Борнуур суманд очиж, халаалтын шинэ зуухтай танилцсан байна. Өмнө нь байгууллага бүр тус тусдаа уурын зуухтай байхдаа халаалт муутай, нүүрс их хэрэглэдэг байсан гэнэ. Одоо дундаа нэг, шинэ зуухтай болсноор халаалт сайжирч, нүүрсний хэрэглээ багассаныг тус сумын Засаг даргын орлогч В.Батболд танилцуулжээ.