Ноён уулаа ухаж, алтыг нь авах уу эсвэл төрийн тусгай хамгаалалтад оруулж, хойч үедээ бүрэн бүтнээр нь үлдээх үү гэсэн асуултын хариулт ямар байх бол. Эрх мэдэлтнүүд “Сентерра гоулд” ХХК-д олборлолтын эрх олгохоор зүтгэж байгаа бол эгэл жирийн ардууд үүнийг эрс эсэргүүцэж байна. Үүнийгээ ч илэрхийлж, “Дэлхийн Монгол- Ногоон нэгдэл”, “Босоо Хөх Монгол” төрийн бус байгууллага, “Ноён уулаа аварцгаая” хөдөлгөөнийхөн “Чингис”-ийн талбайд өчигдөр тайван жагсаал зохион байгууллаа. “Усгүй болох гэж байж алтаар яах юм бэ, улсгүй болох гэж байж амиар яах юм бэ”, “Урт нэртэй хууль зөрчиж, стратегийн ордод оруулахыг эсэргүүцэж байна”, “Төрт ёс, түүх соёлын өв Хүннүгийн гал голомтоо самруулахгүй” гэх зэрэг олон арван уриа лоозон барьсан хүмүүс хасах 20 хэмийн хүйтнийг ч ажрахгүй зогсож байлаа. Тэдний олонх нь Сэлэнгэ аймгийн Мандал сумаас иржээ. Тус сумын иргэн Д.Алтантуул “Ноён уул бол нутгийн тахилгат хайрхан. Ноён уул орчмын 31.500 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Нутгийн иргэд бид жил бүрийн зургадугаар сарын эхэнд Ноён хайрхнаа тахидаг юм. Гэтэл “Урт нэртэй” буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль зөрчиж, Гацууртын ордыг стратегийн орд газар болгохоор шийдвэр гаргагчид улайрч байна.
Үүнийг нь эсэргүүцэж буйн илрэл бол энэ жагсаал. Бид Улаанбаатарт ирэхээсээ өмнө сумынхаа “Соёмбот” талбайд мөн жагссан. “Сентерра гоулд”-ынхон алт олборлож эхэлбэл, Мандал сумын 1000 иргэнийг ажлын байртай болгоно гэсэн. Үүнд нь итгэхгүй байна. Баруунхараагийн Бороогийн ордод үйл ажиллагаа явуулж байхдаа Канадын энэ компанийнхан нутгийн малчид, тариаланчдаас сүү, ногоо авч, амьжиргаанд нь нэмэр болж байгаагүй. Бид бүгд газар тариалан, мал аж ахуй эрхэлж амьдардаг. Гацууртын ордын олборлолт эхэлбэл 40 тоннын даацтай машинууд малын бэлчээр, ус ургамал сүйтгэж орхино” гэж байлаа. Тус сумын иргэн Д.Надмидсүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.
Д.НАДМИДСҮРЭН: МӨНГӨ ӨГНӨ ГЭДЭГ БОЛ САНАЛ АВАХ ГЭСЭН ХООСОН АМЛАЛТ
-Ноён уулын алтыг нинжа нараар ухуулж байснаас мэргэжлийн хүмүүсээр нь олборлолт хийлгэх нь зөв гэж зарим нь үзэж байгаа. Харин та ямар бодолтой байна?
-Ноён ууланд харуул хамгаалалт сайн байгаа. Засгийн газрынхан Гацууртын ордын талбайд Хүнн үгийн булш багтаагүй гэж байгаа ч газар дээр нь очоод үзвэл байдал өөр. Энэ ууланд 50 биш 500 тонн алт байхыг ч үгүйсгэхгүй. Худал, төөрөгдүүлсэн мэдээллээр хүм үүсийн тархи угааж байна.
-Мандал сумынхантай “Сентерра гоулд” ХХК-ийн төлөөлөл очиж уулзсан уу?
-Маргааш (өнөөдөр) Зүүнхараад уулзалт зохион байгуулах юм билээ. Манай аавынх Ноён уулын ар бэлд Билүүт гэдэг газар өвөлждөг юм. Гэтэл тэр хавийн айлуудад “Сентерра гоулд” ХХК-ийнхан “Биднийг дэмжээрээ, битгий эсэргүүцээрэй” гээд хүн бүрт 5-10 сая төгрөг өгнө гэж амласан байна лээ. Мөнгөний сургаар зарим нь үүнийг дэмжиж байгаа байх. Гэхдээ энэ нь нутгийн иргэдийн саналыг авах гэсэн хоосон амлалт гэж бодож байна гэв. Жагсаалын дараа тэд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад Гацууртын ордыг “Урт нэртэй хууль”-ийн хуулийн үйлчлэлээс гаргаж, стратегийн орд газар болгон хууль зөрчихийг таслан зогсоохыг хүссэн шаардлага хүргүүлсэн юм. Шийдвэр гаргагчдад Монголоо гэсэн сэтгэл байдаг л бол Ноён уулаа аварч үлдэнэ гэж найдаж буйгаа жагсаалд оролцогчид хэлэв.
Ч.БОЛОРТУЯА