Нэгэн цагт Англи, Германы нутгийг бүрхэн байсан их ой хөвч 10 мянга гаруй жил далайн ёроолд “нойрссон”-ыг Роб Спрэй хэмээх нэгэн англи шумбагч олсон байна. 2013 онд болсон далайн шуурганы дараахан эрэг хавийн нутагт цэвэрлэгээ хийх албаныханд тусалж байсан тэрбээр Английн зүүн хэсэгт орших Норфолкийн эрэгт өнгөрсөн сарын сүүлчээр дахин шумбалт хийжээ. Тэгтэл эргээс ердөө 200-хан метрийн зайд их царсан ойн үлдэгдэл байхтай таарсан аж. Эртний ойг одоо Английн эрдэмтэд судалж байна. Судлаачдын Доггерлэнд хэмээн нэрийддэг, Британи арлыг эх газрын Европтой холбож байсан нам дор нутагт уг ой байсан бололтой.