Монгол, Энэтхэг улсын Засгийн газар хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлөөс 2015-2016 оны хичээлийн жилд манай 40 оюутанд тэтгэлэг олгохоор болжээ. Ингэхдээ тус улсын их, дээд сургуулийн бакалавр, магистрантур, докторантур, докторантурын дараах сургалтад шинжлэх ухаан, технологи, инженер, уран барилга, дүрслэх урлаг болон драмын чиглэлээр суралцуулах юм байна. Манай магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн I, II курст 3.0-аас дээш голч дүнтэй сурч байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд бакалаврын сургалтад хамрагдах шалгаруулалтад оролцох эрхтэй. Магистрын сургалтад бакалаврын зэрэгтэй, докторын сургалтад магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэд хамрагдах шаардлага хангах бөгөөд дипломын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх ёстой.
Сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт, ярилцлага гэсэн хоёр үе шаттай явуулна. Энэтхэгийн Засгийн газраас сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг олгох юм. Харин замын зардлаа суралцагч өөрөө хариуцна.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.iccr.gov.in цахим хуудаснаас үзэх боломжтой.