1962 онд бид нэг саяулаа болж, дахин 26 жилийн дараа хоёр сая дахь бяцхан иргэдээ хүлээж авсан юм. Харин Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн талаар албаныхан мэдээллээ. Энэ талаар Үндэсний статистикийн хороо, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны холбогдох хүмүүс гурван сая дахь иргэн мэндэлсэн талаарх мэдээллийг хүлээн авсан бөгөөд өнөөдөр энэ мэдээллийг зарлах ажээ. Энэ талаар Хүүхдийн төлөө үндэсний газрын олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Оюунчимэгээс тодруулахад “Албан ёсны мэдэгдлийг Монгол Улсын Ерөнхийлөгч хийнэ. Дөнгөж сая манай дарга Төрийн ордон руу энэ талаарх мэдээллийг авахаар явлаа” гэлээ.
Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы танилцуулснаар Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ оны нэгдүгээр сарын 24-нд мэндэлсэн байна. Гурван сая дахь иргэнийг 1000-ны нарийвчлалтайгаар, нэгдүгээр сарын нийт төрөлт, нас баралтыг нарийн тооцож тодруулжээ. Монгол Улсын гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 24-ны өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин тодорчээ.
Энэ талаарх мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11:40 цагт орон даяар шууд зарлах ажээ.
М.Болор