Монгол Улсын “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 24 дүгээр зүйл, Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын 2014 онд баталсан “Цэргийн, техникийн тоо бүртгэлийг зохион байгуулах журам"-ыг удирдлага болгон Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1025 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд 2015 оны нэгдүгээр сарын 5-20-ны өдөр цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл ажлыг зохион байгууллаа.
Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын тоо бүртгэлд нийт бүртгэгдвэл зохих иргэдийн 93.9 хувь нь хамрагдсан байна. Бүртгэлд хамрагдаагүй иргэдийг ирэх улиралд багтаан хамруулахаар зохион байгуулалтын ажлыг хийж байна.
Бүртгэлийн ажлыг дүүргүүд хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулсан бөгөөд байнгын оршин суугч оюутнуудыг оршин сууж буй хаягаар нь бүртгэж, дүүргүүдийн цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн дүнг 2014 оны жилийн эцсийн хүн амын статистик суурин мэдээтэй харьцуулсан судалгааг гаргаж нэгдсэн мэдээлэлтэй боллоо.
Энэ оны цэргийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлснээр бүртгэлд хамрагдаж байгаа иргэдийн хаягийн зөрчил, дүүргийн мэдээллийн санд орсон зөрүүтэй мэдээллийг олж засварлах боломжийг нэмэгдүүлсэн байна.