Манай улсын хүн ам гурван саяд хүрлээ, БРАВО. 1988 оны долдугаар сард бид хоёр сая дахь иргэнээ өлгийдөж байсан бол ийнхүү 27 жилийн дараа гурван саяулаа боллоо. Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцуулснаар Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ сарын 24-ний өглөө 08.24 цагт мэндэлсэн байна. Гурван сая дахь иргэнийг мянганы нарийвчлалтайгаар, нэгдүгээр сарын нийт төрөлт, нас баралтыг нарийн тооцон тодруулжээ.
Гурван сая дахь иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт аав Энхтүвшингийн Хатанболд, ээж Ганбатын Аззаяа нарын ууган охин болон мэндэлжээ. Аав Хатанболдоос нь утсаар зарим зүйлийг тодруулахад “Охины маань бие маш сайн байгаа. Гурван сая дахь иргэнийг төрүүлнэ гэж төсөөлж ч байсангүй. Маш их баяртай байна. Охиндоо Сэлэнгэ гэдэг нэр хайрласан. Одоо аймгийн удирдлагууд ирэх гээд бид бужигнацгааж л байна. Эхнэр бид хоёр хамт амьдраад гурван жил болж байгаа, залуу хосууд” гэсэн юм. Сэлэнгэ жам ёсоороо мэндэлсэн бөгөөд 3.5 кг жинтэй, 50 см урт төржээ.
Гурван сая дахь иргэнийг угтаж авах Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “3 сая дахь иргэнээр охин хүүхэд тодорч, араас нь ихрүүд мэндэлсэн нь Монгол Улсын хүн ам өсөн дэлгэрч, улам олуулаа болохыг бэлгэдлээ” гэсэн юм.
О.Ундрах