Монгол Улсад анх удаа олон улсын жишгийн дагуу Баянгол дүүргийн Эрүүл мэндийн цогцолборын байранд Цус цуглуулах төв үйл ажиллагаагаа эхэллээ.
Дэлхийн улс орнуудад нэг саяас дээш хүн амтай хотод дунджаар цус цуглуулах хэд хэдэн суурин төвтэй байдаг бол өдөр бүр хаяагаа тэлэн өргөжин, хүн амын тоо өсөн нэмэгдэж байгаа Улаанбаатар хотод зөвхөн нэг суурин төв байгаа нь ард иргэд донорын хөдөлгөөнд хамрахад хангалтгүй юм. Иймээс донорын цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, хангамжийг сайжруулах талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор хүн амын дунд сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлж, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх үйлсэд ЦССҮТ-өөс санаачилга гарган УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ, ЭМСЯ, Баянгол эрүүл мэндийн цогцолборын дарга Ө.Батжаргал нарын дэмжлэгтэйгээр энэхүү төвийг нээв.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ, “ЦССҮТ-д өмнө нь очиход ачаалал ихтэй байсан. Иймээс БГД-ийн Эрүүл мэндийн төвд байр байгаа учраас тасаг нээх санаачилга гаргаж ажилласны үр дүнд өнөөдөр энэхүү салбарыг нээж байна. БГД-ийн иргэд замын түгжрэл ихтэй үед заавал хотын төвд очиж дугаарлахгүйгээр энэ төвд цусаа өгөх боломжтой. Ер нь эрүүл мэндийн салбарын шинэчлэлд менежментээр зохион байгуулж болох өөрчлөлтүүд их байдаг. Үүний нэг нь энэ салбар боллоо. Ямар нэг нэмэлт хөрөнгө оруулалт, байр сав шаардахгүйгээр байгаа бололцоогоо түшиглэж салбар нээснээр үндсэн төв дээр ачаалал буурна” гэв.
Цус цуглуулах төвийн үйл ажиллагааг эхлүүлснээр цусаа бэлэглэгч доноруудад бидний үйлчилгээ ойртож, байнгын, идэвхтэн донорын тоо нэмэгдэж, цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж сайжрах боломжтой болж байна хэмээн эмч нар хэлэв.
Энэхүү төвийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д. Атармаа, ЦССҮТ-ийн дарга Н.Эрдэнэбаяр болон тус эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд оролцов.