Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдааны албан ёсны нээлт өнөөдөр “Мишээл экспо” төвд боллоо.
Уг үзэсгэлэнг жижиг дунд үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, олон нийтийг дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр хангах зорилгоор зохион байгуулж байгаа юм.
Аж үйлдвэрийн яамны сайд Эрдэнэбат нээлтэнд оролцох үеэрээ “ Монгол улсад маань гурван сая дахь иргэн өнөөдөр мэндэллээ. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэсэн үг бий. Өнөөдөр үүний баталгаа болох энэхүү үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаад маш их баяртай байна. Монголчууд улам олуулаа болохын хэрээр улс орон маань хөгжиж, жижиг дунд үйлдвэрүүд илүү өргөжин тэлнэ. Мөн ард түмэн үндэсний бараа бүтээгдэхүүнээ хэрэглэж сурахад энэхүү үзэсгэлэн чухал нөлөө үзүүлдэгт би итгэдэг юм. Хэдийгэээр эдийн засгийн хямрал байгаа ч гэсэн үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжин, өөрсдийн хийж бүтээснээрээ бахархах, нэрийн бүтээгдэхүүнээ дэлхийд гаргахаар чармайж байгаа нь сайн хэрэг билээ” хэмээсэн юм.
Түүнчлэн энэ жил 130 гаруй үйлдвэрүүд бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзэсгэлэнд оролцож байгаа бөгөөд “Ээтэн” үндэсний хувцасны салон Монголын 18 үндэстэн, ястны хувцасны загварын үзүүлбэрээр үзэгчдэд бэлэг барьлаа.
Сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдааны үеэр иргэд дээл хамгийн их сонирхож байгаа харагдсан юм. Арьс шир, ноос ноолуураар хийсэн дан болон хос дээл, эрэгтэй эмэгтэй урт, богино түрүүтэй гутал, хэтэвч, цүнх, үзэгний гэр, бээлий, куртик, ороолт малгай зэрэг бараа бүтээгдэхүүнийг энд дэлгэжээ. Иргэдийн хамгийн их сонирхож буй нь монгол загвартай ноолууран, нэхий дээл аж .Үнийн хувьд ноолууран дан дээл 750 мянган төгрөгөөс дээш үнэтэй байсан бол хос нь 1,5 саяаас 4 сая төгрөгний үнэ үнэтэй аж. Мөн эмэгтэй монгол цамцны үнэ 120 мянгаас дээш төгрөгний үнэтэй бол хүүхдийнх 68 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Үзэсгэлэн худалдаанд оролцож буй “Есүй” салоны худалдагч хэлэхдээ “Урьд жилийхтэй харьцуулахад энэ жил бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа хэдий ч худалдан авалт одоохондоо тааруу байна. Үндэсний дээл сонирхож буй хүмүүс ихэвчлэн энгийн хийцтэй, бага үнэтэйг нь сонирхож байна” гэв.
Харин монгол хэтэвч эрэгтэй загвартай нь 18-35, эмэгтэй нь 10-28 мянган төгрөийн ханштай байв.
Энэ үеэр үзэсгэлэнг барааг сонирхож буй иргэн “Би жил бүр энэхүү үзэсгэлэн худалдааг зорь ирдэг. Монголчууд дэлхийд өрсөлдөхүйц чадвартай болсон нь эндээс харагдаж байна. Дотооддоо импортын бараатай харьцуулшгүй чанартай, үзэмжтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгаа нь их таалагдлаа. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээгдэхүүн үнийн хувьд боломжийн байгаа хэдий ч санхүүгийн хямралаас болж худалдан авалт муу байгаа нь харагдаж байна " хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Үүний дараа бид хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг судаллаа.
“Талх чихэр”-ийн нэг ширхэг хэвийн боов 2200, “Суман гүн” 2000, “Бамбууш” 2200 төгрөгийн үнэтэй байв. Харин цагаан идээний хувьд хорхой, хэвлэж хатаасан ааруул нэг килограмм тус бүр нь 10-18 мянган төгрөг, өрөм, зөөхий, шар тос 10-15 мянган төгрөгийн үнэтэй байсан юм.