Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат тушаал гаргаж Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд аймаг, дүүрэг, сум, хорооны залуучуудын холбоо, залуучуудын зөвлөл, тусгай салбар холбоо, асуудал эрхэлсэн мэргэжлийн хороодын тэргүүн, тэргүүлэгч нарыг хяналт тавьж ажиллахыг үүрэг болгожээ. Ингэснээр залуучууд Шилэн дансны тухай хуулийг сурталчлан таниулах, хяналт тавих, өөрийн орон нутагт гарсан алдаа дутагдал, зөрчлийг тухай бүрт нь илрүүлэн “хоточ нохой”-н үүрэг гүйцэтгэх, мөн зөрчихийг завдсан аливаа үйлдэл бүрийг “шүгэлдэж” сануулах, олон нийтэд мэдээлж байх үүрэгтэй болов. Энэхүү хуулийн хэрэгжилтэд хяналт тавих хамгийн эрүүл шударга нийгмийн бүлэг нь яалт ч үгүй залуучууд, тэр дундаа аливаа нам эвсэл гэж талцахгүйгээр үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг МЗХ-ны үүрэг хэмээн тэд үзэж байгаа гэнэ.
Шилэн дансны тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлан УИХ-аар батлуулсан. Улс, орон нутгийн төсвийг зөв зүйтэй зарцуулах, энэ чиглэлээр гаргаж байгаа шийдвэр, түүний хэрэгжилтийг ил тод болгох, олон нийтийн хяналт тогтоох зорилготой тус хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.