Тайванийн Вандана хийдийн хамба лам яруу найрагч Уй Сигийн санаачилгаар Тайпэй дахь Улаанбаатарын Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар, НЗДТГ, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран Тайванийн Хуалень, Тайпей хотод “Улаанбаатарын соёлын өдрүүд” зохион байгуулж байна. Тайпэй хотын “Жун Шан” концертын танхимд тоглосон “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчдийн концертын эхний хэсэгт морин хуур, уртын дуу, хөөмийн аялгуу эгшиглэж, биелгээ биелэн, үндэснийхээ урлагийн гайхамшигийг бишрүүлсэн бол дараагийн хэсэгт дэлхийн болон үндэсний сонгодог урлагаас толилуулсан юм. 1250 хүний суудалтай танхим үзэгчдээр дүүрсэн гэнэ. Үзэгчид “Монгол Улсыг их тал, хонин сүрэг, морь унаад давхидаг хүмүүсээр төсөөлдөг байсан. Өнөөдөр энэ бодол маань өөрчлөгдлөө. Улаанбаатарт заавал очиж үзнэ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.