Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарт анх удаа Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдлаа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах, сэтгүүлчдийг хамгаалахад дэмжлэг үзүүлж, энэ салбарт хариуцлага, ёс зүйг төлөвшүүлэн, үнэнийг мэдэх гэсэн ард түмний эрхийг хамгаалж, хэвлэл мэдээллийнхэнд дөрөв дэх засаглалын үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэх боломж олгох нь Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үндсэн үүрэг. Энэ үүргээ гүйцэтгэхийн тулд тус зөвлөлийн 45 гишүүн өчигдөр анхны хурлаа хийж, байгууллагынхаа дүрмийг батлав. Хэвлэл мэдээллийн зөвлөл нь нийтэд үйлчилдэг, өөрийн зохицуулалттай, улс төр, эдийн засгийн аливаа бүлэглэлээс хараат бус, байнгын ажиллагаатай төрийн бус байгууллага байх юм. Байгууллага нь дотроо Удирдах зөвлөл, Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороо, Радио, телевизийн ёс зүйн хороотой. Удирдах зөвлөл болон хоёр хорооны гишүүдийг энэ сарын 23-27- нд Улаанбаатар хот, орон нутагт болсон салбар хурлуудаас сонгосон юм. Гишүүдийг сонин, сэтгүүлийн, радио, телевизийн, сайтын, орон нутгийн, санаачилгын бүлэг гэсэн таван хэсгээс хэвлэл мэдээллийн салбарынхан өөрсдөө сонгосон.
Эдгээр гишүүнийг өчигдрийн нэгдсэн хурлаар батламжилж, Удирдах зөвлөл, Сонин, сэтгүүл, сайтын болон Радио, телевизийн ёс зүйн хорооны дарга нарыг сонгон томиллоо. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн “Үндсэн хууль” нь Сэтгүүлчдийн ёс зүйн дүрэм. Тус зөвлөл нь сонин, сэтгүүл, телевиз, радио, сайтаар цацагдсан мэдээ, нийтлэл, нэвтрүүлэг, гэрэл зураг, дүрстэй холбоотой гомдол хүлээн авч, Сэтгүүлчийн ёс зүйн дүрэмд нийцэж буй, эсэх асуудлаар дүгнэлт гаргана. Хэрвээ сэтгүүлч, гэрэл зурагчин, зураглаач тухайн мэдээ, нийтлэл, нэвтрүүлэгтээ ёс зүйн дүрмээ зөрчжээ гэж үзвэл оноох хамгийн дээд “ял” нь залруулга гаргах шийдвэр байх юм. Ингэснээр иргэд хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой аливаа гомдлоо шүүхэд бус Хэвлэл мэдээллийн зөвлөлд гаргадаг болох учиртай. Ингэвэл шүүх байгууллага, шүүгчдийн ажлын ачаалал багасахаас гадна сэтгүүлчтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь цөөрч, асуудлыг илүү мэргэжлийн талаас нь авч үзэн, шударгаар шийдвэрлэх боломж бүрдэх давуу талтай.
Х.БОЛОР