Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж авсан түүхэн баярт өдөр өнгөрсөн долоо хоногт тохиосон билээ. Х.Монголжин охинтой хамт тухайн өдөр нийт 181 хүүхэд мэндэлж, үе чацуутан болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудад өөрийн гарын бэлгийг дурсгахаар болсон байна. Уг гарын бэлгэнд нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач П.Цэгмидийн зургийн дагуу, нэг хонхон дээр нь Гоо маралын дүрсийг, нөгөө дээр нь Бөртэ чонын дүрсийг Хүннүгийн үеийн хийцээс санаа авч зохиомжлон бүтээсэн бойтогны хонх байгаа аж. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Отгон-Өлзийгөөс тодруулахад, “Ерөнхийлөгч гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудад өөрийн гарын бэлгийг дурсгал болгож өгнө. Түүнд нь энэ бойтогны хонх байгаа. Бэлгээ гардуулах хараахан болоогүй байна” гэсэн юм.