“Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг улсын хэмжээнд 75 хувиар өссөн” гэж Цагдаагийн газар мэдээллээ.
Сүүлийн үед хүүхэд, залуучууд энэ төрлийн бодис хэрэглэх нь ихэссэн нь судалгаагаар нотлогдсон байна. Иймд Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран өсвөр насныханд чиглэсэн сургалт зохион байгуулав.
Улсын хэмжээнд 570 иргэн мансууруулах бодис байнга хэрэглэдэг гэсэн баримт байна. Нэг хэрэглэгчийн ард дөрвөн хүн байдаг гэж тооцвол, 2000 иргэн сэтгэцэд нөлөөлдөг эм, ургамал хэрэглэдэг гэсэн үг юм. Мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо ийн өсч байгаа нь хойд, өмнөд хөрштэй холбоотой ажээ. Учир нь ОХУ, БНХАУ –д энэ төрлийн гэмт хэргийн гаралт өндөр үзүүлэлттэй байдаг бөгөөд манай улс нь мансууруулах бодис зөөвөрлөх дамжин өнгөрөх бааз нь болдогтой холбоотой гэнэ. Тодруулбал, дамжин өнгөрөх баазад нийт бүтээгдэхүүний 10 хувь нь үлддэг гэсэн судалгаа байдаг юм.