Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хийсэн юм. Тус байнгын хороо энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх тухай асуудлыг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ. Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар улсын бүртгэлийн байгууллага нь нэг ашигтай бизнесийн болон нэг намын нэрийг олон дахин хувилж, ард нь цэг, таслал тавьж хуулийн этгээдийн оноосон нэрээр тоглохгүй байх, үйлчлүүлэгчийн аль нэг талд үйлчлэхгүйгээр аливаа асуудалд хариуцлагатай, шударга ажиллах, улсын бүртгэлийн мэргэжилтнүүд мэргэшсэн байх шаардлагыг хуульд тусгах зэрэг санал гаргасан аж. Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбат Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн “мэдэгдэнэ” гэснийг “бүртгүүлнэ” гэж өөрчлөх санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх ньдэмжжээ. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүүасуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсонгишүүдийн 55.7 хувь нь дэмжив. Ингээд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 59 гишүүний 38 нь буюу 64.4 хувийн саналаар дэмжлээ. Мөн уг хуулийн төслийг дагалдаж өргөн баригдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 29 хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 54.4-82.6 хувийн саналаар дэмжиж баталлаа. Түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжив.