Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг сонсов. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул гүйцээн боловсруулах чиглэлээр ажлын хэсгээс гаргаж байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй 9 санал, найруулгын чанартай 4 саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авав. Ингээд байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 53 гишүүний 47 нь буюу 88.7 хувийн саналаар дэмжлээ. “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын шинэчлэн найруулсан төсөлд боловсролын хөгжлийн стратегийг:
-Сургуулийн өмнөх боловсролыг “хүүхдийг сургах, сургуульд бэлтгэх” гэсэн зорилгоос илүүтэйгээр хүний хөгжлийн үндэс суурь, өөрийн онцлог, чадвар,бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын чухал үе,
-Бага боловсролыг эх хэлний суурь чадамжийг эзэмших боломжийг бүрдүүлэн бүтээлч, мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий сурах арга барилтай монгол хүүхэд төлөвших үе,
-Суурь боловсролыг амьдрах ухаан болон шинжлэх ухааны суурь мэдлэг, чадварыг эзэмшин, бүтээлчээр бие даан суралцах чадвар бүхий иргэн төлөвших үе,
-Бүрэн дунд боловсролыг хүүхэд бүрийн сонирхол, авьяас чадвар, хөгжлийн онцлогт нийцсэн, сонголттой уян хатан хөтөлбөрөөр мэргэжлийн суурь эзэмших үе,
-Дээд болон мэргэжлийн боловсролыг иргэдийг хөдөлмөрийн даяарчлагдсан зах зээлд амжилттай өрсөлдөх, бие даан ажлын байр бий болгох, улс үндэстний болон нутаг орны тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, үндэсний инновацийн чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах чадамжтай болгох үе хэмээн хөгжүүлэхээр тодорхойлсон байна.