Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгадаа, чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхын дэмжлэг авсан болон гүйцээн боловсруулах чиглэл өгсөн саналуудыг нэгтгэж төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн талаар дурдав. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 7 саналын томьёоллоор санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Ингээд байнгын хорооны саналаар Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.0 хувь, Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг 89.7 хувийн саналаар дэмжиж батлав. Мөн уг хуулийн төслийг дагалдаж өргөн баригдсан хуулийн төслүүдийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 74.1-86 хувийн саналаар дэмжсэн юм.
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг 1993 онд баталснаас хойш нийтдээ 9 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 2002 онд шинэчлэн найруулжээ.Харин даатуулагчийн эрх, үүргийг хуулиар тодорхой болгож, чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг хүртээмжтэйгээр авах, үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо гаргах, эрүүл мэндийн болон даатгалын байгууллагаас шаардлагатай мэдээллээ авдаг үндсэн эрхүүдийг хуулиар баталгаажуулах шаардлагын үүднээс Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулж “Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хууль”-ийн төслийг боловсруулсан нь ийнхүү батлагдаж байгаа юм.