Өдрөөс өдөрт хүн ам өсөж, Монгол Улсад бяцхан иргэнээ угтах эмнэлэг хангалтгүй байгааг хүн бүр л мэднэ. Хан-Уул дүүрэгт нийслэлийн IV амаржих газар байгуулахаар барилгын ажлыг эхлүүлсэн ч царцаасан барилгуудын тоонд багтаад буй. Тэгвэл төрийн хийж чадаагүй ажлыг жирийн нэгэн эмч хийж хэрэгжүүлэхээр зоригложээ. Тодруулбал, энэ ажлыг түргэвчлүүлэх зорилгоор нийслэлийн II амаржих газрын мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний, дотрын нарийн мэргэжлийн эмч О.Энхмаа “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” аян өрнүүлж байна. Тэрбээр уг аяныхаа хүрээнд урлагийн тоглолт, бас бус олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Тоглолт нь ирэх сарын 13-нд болох юм байна. Түүнээс гадна хандивын хайрцаг ажиллуулах, үүрэн холбооны операторуудтай хамтарч ажиллах, байгууллага, нэгж бүрээс дэмжлэг авахаар төлөвлөөд байгаа юм байна. О.Энхмаа хөрөнгө оруулалтгүйн улмаас барилгын ажил нь зогсоод буй IV амаржих газрын барилгыг барьж, ашиглалтад оруулахаар ийн шат дараатай арга хэмжээ авч ажиллах аж.
Тус амаржих газар нь нийслэлийн Хан-Уул дүүргийн Х хорооны нутагт нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон 2.4 га газарт 300 ортой байхаар төлөвлөгдөн, баригдаж байгаа. Өдгөө уг барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Тодруулбал, "А" блокийн ажил 90 хувьтай, харин "Б" блок нь 60 хувьтай. Уг төрөх эмнэлгийн барилгын зураг төслийг “Дарханстрой” болон “Марсконстракшн” ХХК, барилга угсралтын ажлыг “Нийслэл-Өргөө” ХХК, “Пумаконстракшн” ХХК гүйцэтгэх юм. Шинээр барьж буй нийслэлийн IV амаржих газрын барилга нь үндсэн таван блоктой байх юм. "А" блок нь техникийн болон зоорийн давхартай нийт найман давхар бол Б, М, Г блокууд нь долоон давхар, Д нь хоёр давхар, Е блок нь нэг давхар байхаар барилгын зураг төсөлд тусгажээ.
О.Ундрах