Мега төслүүдийн хэрэгжилт, Монголын ирээдүйг тодорхойлох форум өнөөдөр “Blue sky” зочид буудлын Кристалл танхимд боллоо.
Засгийн газрын дэмжлэгээр “Мега төсөл хөгжлийн хүрээлэн” ТББ-аас “Мега төсөл хөгжлийн форум”-ыг зохион байгуулж буй бөгөөд Монгол Улсын сайд М.Энхсайхан “Монгол дахь мега төслүүд: Сорилт, боломж” сэдвээр илтгэл тавьсан бол Японы Сумитомо Мицуй банк “Төслийн санхүүжилт ба Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” гэсэн сэдвээр танилцуулга хийлээ. Тус форумын эхний хэсэгт Монголд хэрэгжиж байгаа мега төслүүдэд тулгарч буй бэрхшээл, боломжийн талаар танилцуулсан. Харин форумын хоёрдугаар хэсэгт Сумитомо Мицуй банкны төлөөлөгчид “Эрчим хүч”, “Боловсрол”-ын салбарт төслийн санхүүжилт хэрхэн хийх талаар сургалт явууллаа.
"Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Т.Наран “Өнөөдрийн байдлаар “Оюу толгой”, “Таван толгой” гэх мэт мега төслүүд хэрэгжиж байгаа. Гэтэл мега төсөл дээр ажиллаж үзээгүй, хэрхэн ажиллахаа мэдэхгүй байгаагаас болоод “Оюу толгой” хэсэг хугацаанд зогсонги байдалд ороод байна.Тэгэхээр “Таван толгой” эдийн засаг, төгрөгийн ханшийг сэргээх, валютын ханшийг барих, тогтмол ажлын байртай болгох гол найдвар юм гэв.
Форумд оролцогсод Мега төслийг аль ч салбарт хэрэгжүүлж болно хэмээн онцолж байна. Тухайлбал эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулалт татаж том төслүүд хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэлээ. Хүн бүр эрүүл байх, боловсрол эзэмшихийг хүсч байгаа учраас дээрх салбарт мега төслийг хэрэгжүүлэхэд дөхөмтэй хэмээн мэргэжилтнүүд хэлж байсан. Өөрөөр хэлбэл хэрэгцээтэй салбаруудад томоохон төсөл хэрэгжүүлснээр улс орны эдийн засаг сайжрах юм байна.
Дашрамд дурдахад мега төслийн хувьд бэлтгэл үе шатандаа 2-3 жилийг зарцуулдаг аж. Түүнээс хойш 8-10 жилийн хугацаанд үргэлжилдэг төслийг мега төсөл хэмээн тодорхойлдог байна. Манай улсад “ Оюу толгой”, “Таван толгой”, “Таван толгой цахилгаан станц”, “Эгийн голын усан цахилгаан станц” зэрэг Мега төсөл хэрэгжиж байна.