Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн. Өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын хоёр удаагийн захирамжаар нийт 13523 иргэн газар өмчилж авсан бол цахим системээр газар өмчлүүлэх ажлын 2 дугаар ээлж 1 дүгээр сарын 26-ны өдөр эхэлсэн. Цахим системээр газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжинд дараахь 8 байршилд газар өмчлүүлнэ.
Шинэ 5 байршил
- Сонгинохайрхан, Эмээлт уулын баруун хоолой
- Баянзүрх, Их цуурайн ам
- Баянзүрх, Бага цуурайн ам
- Багануур, Тариан булаг 2-р хэсэг
- Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг
Хуучин 3 байршил
- Сонгинохайрхан, Соёондын ам
- Багануур, Тариан булаг 1-р хэсэг
- Багахангай, Бор-Үзүүр
Дээрх 13819 нэгж талбарт 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хоёрдугаар сарын 09-ний өдрийг дуустал цахим системээр иргэдийг бүртгэнэ. Ингэхдээ Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоол, журмын дагуу 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн иргэн болж бүртгүүлсэн, өөрийн нэр дээр ямар нэгэн газар өмчилж аваагүй бүх иргэн бүртгүүлэх бүрэн боломжтой. Мөн дээрх хугацаанаас /2013.05.30/ хойш шинээр төрсөн иргэн бүртгүүлж болно. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар өөрчлөгдсөн тогтоолын дагуу шинээр төрсөн иргэн цахим системээр сонгогдож газартай болсон тохиолдолд түүний эцэг, эх нь 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлд шилжин ирсэн бол газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.
Цахим системээр газар өмчлөх хүсэлтэй иргэд заасан хугацаанд багтаж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn, нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсын Газар өмчлөх цахим системийн бүртгэл гэсэн цэсэнд хандаж, ерөнхий заавартай сайтар танилцан бүртгүүлнэ. Бүртгэлтэй холбоотой асуудлаг 1800-1285, 11 320248 утсаар лавлах юм.