Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбоо, МУГЖ С.Жавхлан нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд ОХУ-аас улаан буудай импортлосноос болж Монголын тариаланчид хүнд байдалд орсон талаар ярив.
Мөн тэд хэдхэн компанийн эрх ашгийн төлөө 40 мянган тонн улаан буудай импортоор оруулж ирэх зөвшөөрөл олгосон шийдвэрт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ХХАА-н сайд Р.Бурмаа, “Улаанбаатар гурил” ХХК-н захирал Ц.Баатарсайхан нарыг буруутгаж буйгаа мэдэгдлээ.
Монголын тариаланчид дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах чадалтай ч гурилын үйлдвэрүүд тариаланчдын будааг намар авчихаад одоо болтол мөнгийг нь өгөөгүйгээс хүнд байдалд орсон гэж байлаа. Тэд энэхүү шударга бус үйлдлийг эсэргүүцэж ирэх сарын 4-нд жагсаал хийхээр болжээ. Тариаланчдын жагсаал тэмцэлд МУГЖ С.Жавхлан нэгдэх юм байна. Тэрбээр “Монголынхоо үндэсний үйлдвэрлэлийг дэмжье гээд бор зүрхээрээ явж байгаа энэ хүмүүсийн үнэ цэнэ, Монголын хүнс үнэ цэнээ алдаж байгаад харамсч, эмзэглээд энд ирсэн. Би сая тариалангийн бүс нутгаар яваад ирлээ. Тариаланчид тариагаа агуулахдаа хураачихаад, уйлаад сууж байна. Тиймээс би энэ жагсаалд оролцож дуу хоолойгоо өргөнө” гэж ярилаа.