Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг хоёр дахь жилдээ өнөөдөр Туул гол дээр зохион байгуулах гэж байна.
Тус наадам өнөөдөр 13.00 цагт Зайсан толгойн хойд хэсэг дэх Туул голын мөсөн шагайн талбайд нээлтээ хийх юм
Наадмын үеэр уран гулгалтын болон тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны мэргэжлийн тамирчид, жуулчдын тэмцээн, нохойтой чарга, өвлийн дугуйн аялал, тэмцээн болно.
Мөн нийслэлийн иргэд, жуулчдад зориулж өвлийн хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом наадгай, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, халуун хоолоор үйлчлэх юм байна.
Ирсэн зочдын дунд сонирхогчдын мөсөн шагайн тэмцээн зохион байгуулж, урлагийн тоглолт толилуулах юм.“Улаанбаатарын өвлийн наадам” өнөөдөр 16.00 цаг хүртэл үргэлжилнэ.