“Ил тод уул уурхай” хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр салбарын сайд Р.Жигжид Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон тухай мэдээлэв. Уг хуульд “Шатдаг занарын эрлийн үед өрөмдлөг хийж болно” гэж тусгасан. Харин бусад уламжлалт бус газрын тосны эрлийн үед өрөмдлөг хийж болох эсэхийг тусгаагүй байжээ. Тэгвэл өөрчлөлт оруулах хуулийн төсөлд уламжлалт бус газрын тосны эрлийн үед өрөмдлөг хийж болно гэж тусгасан аж. Хэрэв энэхүү хуулийн төслийг баталбал уламжлалт бус газрын тосны эрлийн ажлын үр дүнд нөөцийн хэтийн төлөвийг тогтоох боломж бүрдэж, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болох гэнэ. Түүнчлэн газрын тосны хайгуулын “Хар ус II” талбайд “Ренова илч” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу найман жилийн хугацаанд 53.2 сая ам.доллараас багагүй хөрөнгө зарцуулах болсныг дуулгалаа.
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлсэн. Өчигдрийг хүртэл 1924 өргөдлийн дугаар олгосноос 926-г нь хүлээн авч шүүлт хийжээ. Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянан үзэж 343 тусгай зөвшөөрөл шинээр олгосон байна. Тусгай зөвшөөрөл олгох боломжтой 457 өргөдлийг холбогдох аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлээд буй аж. Үүнээс гадна улсын төсвийн хөрөнгөөр эрэл, зураглалын ажил хийгдсэн эрдсийн хуримтлал бүхий найман талбайд сонгон шалгаруулалт явуулжээ. Хоёр талбайд санал ирүүлж, зургаад нь ирүүлээгүй тул өргөдлөөр олгох талбайд хуулийн дагуу шилжүүлсэн гэнэ. Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтээр дээрх хоёр талбайд “Ориент” болон “Миллениум сторм” компани хамгийн өндөр оноо авч, шалгарсан байна.
Энэ оны эхний таван сарын байдлаар Ашигт малтмалын газар улсын төсөвт 16.4, Газрын тосны газар 57.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Дээрх хугацаанд манай улс 9.6 сая тонн нүүрс, 2.2 тонн алт, 438 мянган тонн газрын тос олборлосон гэнэ. Тэгвэл 535.8 мянган тонн зэсийн баяжмал, 1.9 сая тонн төмрийн хүдэр, 3.3 тонн алт, 5.2 сая тонн нүүрс, 431 мянган тонн газрын тос экспортолжээ. Уржигдрын байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 43 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа аж. Үүнээс А-80 бензиний 50, Аи-92 бензиний 55, дизелийн түлшний 38 хоногийн нөөцтэй байна.
Ц.Болор