Энэ жилийн наадмын амралт хэд хоног үргэлжлэхийг сонирхож буй хүмүүс олон. Тиймээс яг хэд хоног амрах вэ, ажлын өдрийг шилжүүлэх үү гэсэн асуултыг Хөдөлмөрийн сайд С.Чинзоригоос тодрууллаа.
-Наадмаар хүмүүс яг хэд хоног амрах вэ?
-Нийтээр амрах тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдөр буюу нийт тав хоног амрахаар заасан. Түүгээрээ л амарна.
-Гэхдээ арай олон өдөр амраахаар Засгийн газарт асуудал оруулсан гэдэг нь ямар учиртай юм бэ. Хүмүүсийн дунд наадмаар ес хоног амардаг болох гэж байгаа гэсэн яриа ч гарсан?
-Энэ жилийн хувьд хуулийн дагуу амраад ажилдаа ороход долдугаар сарын 16, 17-нь пүрэв, баасан гариг буюу ажлын өдөр таарч байгаа юм. Тиймээс олон хоног амарсны дараа хоёр өдөр ажиллаад дахин бямба, ням гаригийн амралт таарах учраас ажил цалгардах магадлалтай гэж үзсэн юм. Тиймээс ажлын өдрийг шилжүүлж зохицуулалт хийх боломжтой гэж үзээд Засгийн газарт асуудал оруулсан. Өөрөөр хэлбэл, 16,17-ны ажлын өдрийг долдугаар сарын 4, 5-ны бямба, ням гаригийн амралтын өдөр рүү шилжүүлэх боломжтой гэж үзсэн. Гэхдээ Засгийн газраас шийдвэр гаргаагүй байгаа.
-Олон хоног амрах нь энэ жилийн хувьд хийж буй зохицуулалт гэж ойлгож болох уу?
-Энэ жилийн тухайд л ийм өөрчлөлт оруулж, иргэдээ баяр наадмаар хөдөө гадаа явж, сайхан амрах боломжоор хангах тухай л асуудал болохоос цаашид наадмаар ес хоног амардаг болно гэсэн үг биш. Хуульд заасныхаа дагуу тав хоног л амарна.
-Засгийн газар хэзээ хэлэлцэх бол?
-Засгийн газрын дараагийн хуралдаанаар шийдвэрлэхээр болж хойшлуулсан.