Ч.ТУЯА
Орон гэрийг нь хэзээ мөдгүй нурах нь хэмээн, тэнд амьдарч байсан олон хүнийг зочид буудал руу эелдгээр хөөсөн явдал саяхан болсон. “Би Жи Би Жи” компани Баянгол дүүргийн XV хорооны нутагт байрлах 16 дугаар байрны зүүн талд барилга барихаар нүх ухсанаас тус барилгын сууринд өөрчлөлт орж, хазайлт үүссэн талаар шуугиан дэгдээд удаагүй байна. Тэгтэл бас л барилга барихаар нүх ухсанаас болж зам цөмөрч, хүнд даацын машин онхолдов. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXIX хорооны нутагт “Драгон” төвийн хойд талд зам цөмөрч, улаанбуудай тээвэрлэж явсан машин барилгын суурь нүх рүү унасан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Хальс шиг нимгэн төмрөөр хамгаалалт төдий хийснээс өөрөөр ухсан нүхэнд хүн амьтан, унаж бэртэхээс сэргийлсэн зүйл тэнд огт байсангүй. Тиймээс бид “Хадан ус” компанийн захиалсан тус барилга зөвшөөрөлтэй эсэх, осол юунаас болж гарсныг тодруулахыг зорьсон юм. НМХГ-ын байцаагчид осол болсон газар дээр ажиллажээ. Тус газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулгаас цөөн асуултад хариулт авлаа.
Н.Гантулга: Замын хөрс нурахаас сэргийлэх арга хэмжээ авахыг шаардаж байсан
- “Хадан ус” компанийн барьж буй барилгад НМХГ-аас хяналт шалгалт хийж байв уу?
-Зургадугаар сарын 23-нд “Хадан ус” компанийн барьж байгаа барилгын хажуугийн туслах зам цөмөрч машин унасан осол гарсан. Үүний дагуу манай газрын авто замын болон хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч нар газар дээр нь ажилласан. Тус барилгыг 2013 оноос барьж эхэлсэн юм билээ. Анх газар шороо, суурийн ажил хийх зөвшөөрөл авчээ. Гэхдээ үндсэн барилгын карказ, хийцийн зөвшөөрөл авахгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн байсан учраас НМХГ –аас 2013, 2014 онд үйл ажиллагааг нь зогсоох акт гаргаж, цахилгаан хангамжийг нь хязгаарлах албан бичгийг хоёр удаа “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани болон Баруун түгээх төвд хүргүүлсэн. “Хадан ус” компанийн барилгыг эрсдэлтэй барилгын тоонд оруулж, шалгахад улсын байцаагчийн өмнө нь хүргүүлсэн шаардлагыг биелүүлээгүй байсан. Тиймээс Барилгын тухай хуулийн дагуу цахилгааныг хязгаарлахаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанид энэ сарын 17-нд дахин шаардлага хүргүүлсэн юм. Гэвч тухайн барилгын цахилгааныг хязгаарлаагүй бөгөөд осол гарах өдөр хүртэл барилгын ажил нь хэвийн явагдаж байсан.
-Улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэхгүй байх тохиолдол цөөнгүй гарах юм. Энэ нь юутай холбоотой вэ?
-Улсын байцаагчийн өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхэд холбогдох газрууд нь анхаарахгүй байна. Энэ нь улсын байцаагчийн эрх хязгаарлагдмал байгаатай холбоотой.
-Зам цөмөрч, хүнд даацын машин онхолдсон нь тус барилгын суурь нүхийг замд тулган ухсантай холбож үзэж байгаа. НМХГ-ын дүгнэлт хэзээ гарах вэ?
-“Газар шорооны бэхэлгээ хий, хаврын улиралд газар гэсдэг учраас ялангуяа авто зам нурахаас сэргийлэх арга хэмжээ ав” гэсэн албан шаардлагыг “Хадан ус” компанид хүргүүлсэн. Гэвч энэ шаардлагыг биелүүлээгүйгээс хүний амь эрсдэх аюулд хүрлээ шүү дээ. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй байж карказаа цутгаад эхэлсэн. Барилга барихдаа нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас заавал зөвшөөрөл авах ёстой.
-16 дугаар байрны хувьд ч гэсэн “Би Жи Би Жи” компанид МХЕГ-аас удаа дараа шаардлага хүргүүлсэн ч биелүүлээгүй гэдэг. Улаанбаатар хотод зөрчилтэй барилгууд хэчнээн байна вэ. Тэдгээрийг цөөлөх талаар ямар ажил хийж байна?
-“Замын хөрс нурж магадгүй байна шүү” гээд албан шаардлага хүргүүлээд байхад авч хэлэлцээгүй. Барилга байгууламжтай холбоотой зөвшөөрлийг хот төлөвлөлтийн норм дүрмийг баримталж олговол ийм асуудал гарах нь цөөрнө. Эхлээд газар олгох, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж үүний дараа зураг төслөө гаргана. Эдгээрийг шат шатандаа хэрэгжүүлэхгүй байгаа учраас нийслэлд зөрчилтэй барилгын тоо он гарснаас хойш нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт бариад эхэлсэн зөрчилтэй барилга 56, барилга барихаар ухсан нүх 19 байна. Тиймээс ирэх сарын 1-нээс таван байгууллагын хамтарсан ажлын хэсэг гарч, хяналт шалгалт хийн, зөрчилтэй барилгуудад арга хэмжээ авахаар болсон.
Үүний дараа нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн Д.Хан-Уулаас тус барилгын зөвшөөрлийн талаар тодрууллаа.
Д.Хан-Уул: Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө энэ онд авсан
-“Хадан ус” компани барилга барьж эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан юм уу?
-2014 оны есдүгээр сард барилга барих хүсэлтээ манайд ирүүлсэн. 16 дугаар техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, барилга барихыг нь дэмжсэн. Үүний дараа архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулсан. Нийт 1566 ам метр газарт орон сууцны зориулалтаар 16 давхар барилга барих, зүүн талдаа газар дор гарааштай байхаар зураг төсөл нь батлагдсан. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй байсан учраас зөрчилтэй барилгын тоонд оруулсан. Тиймээс тухайн барилгын ажлыг зогсоож, НМХГ-т торгууль төлсний дараа барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг энэ оны тавдугаар сарын 29-нд 150 дугаар тоот тушаалаар олгосон.
-Зам хагарч, машин унасан ослын шалтгаан нь юу байсан гэж та үзэж байна вэ?
-Гүйцэтгэгч, захиалагч компаниуд аюулгүй байдлаа хангаж ажиллаагүй, бэхэлгээ хийгээгүй, анхааруулах тэмдэглэгээ тавиагүйгээс ийм байдал үүссэн нь харагдаж байна. Гэхдээ дүгнэлт гарч байж, хэн хариуцлага алдсан нь тодорхой болно.
-“Хадан ус” компанийг хүүхдийн тоглоомын болон мөсөн гулгуурын талбайг хувьдаа эзэмшиж, барилга барьсан гэж тэндхийн оршин суугчид нь хэлж байсан.
-Тэр газар дээр тухайн компани үйлчилгээний зориулалттай барилга, гарааштай байсан. “Хадан ус” компанийнхан үл хөдлөх хөрөнгөө өөрсдөө буулган, газар дор гарааш барихаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрөл авсан.
-Тэгэхээр өөрсдийн хөрөнгөө буулгаж, дахин шинээр барилга барих гэж байсан гэсэн үг үү?
-Тийм. Одоогийн барилга барьж буй тэр газарт үл хөдлөх обьект өмнө нь байсан. Замд тулган барилга барьж болдог технологи манай улсад хэдийнэ нэвтэрсэн шүү дээ. Өндөр хөгжилтэй орнууд ойр орчмын барилга байгууламждаа огт нөлөөлөхгүйгээр газар дор байгууламж барьж байна. Авто замыг барилгатай адил байгууламж гэж үзээд эвдэрч, хагарахгүй байх арга хэмжээ авах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, зам, ухах газар хоёрын дунд замын хөрс урсахгүй, гулсахгүй, хагарахгүй байх бэхэлгээ хийнэ гэсэн үг. Үүнийг хийгээгүйгээс ийм явдал болсон гэж бодож байна.
Замын цагдаагийн газраас осол гарсан тэр замаар том оврын машин зорчиж болох эсэх, жолоочийн биеийн байдлын талаар асуухад, “Хүнд даацын машин явахыг хориглосон тэмдэг байгаагүй учраас замын хөдөлгөөнд оролцож болно гэсэн үг. Осол гаргасан жолооч хүнд гэмтээгүй. Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шалгуулж байгаа” гэв.