“Нүүрс” хөтөлбөрийн хэрэгт холбогдсон Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр уржигдар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.
Уг хэрэгт эхэндээ 10 гаруй хүн холбогдон шалгуулсан бөгөөд өдгөө MGL SBD компанийн захирал, Л.Гансүхийн туслах байсан Н.Даваахүү болон Б.Мөнгөнтуяа (Л.Гансүхийн эхнэрийн дүүгийн хүүхэд, MGL SBD компанийн ерөнхий нягтлан бодогч) нар холбоотой байж болзошгүй нь тогтоогдсон аж.
Тиймээс дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2-т заасан төрийн албан тушаалтан албан тушаал, эрх мэдлээ урвуулсан, 166.2-т заасан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт яллагдагчаар татсан байна.
Г.РАВЖАА