Иргэд орон сууцны үнийн 10 хувийг урьдчилж төлөөд байр авах боломж бүрдсэн талаар Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өчигдөр мэдээллээ. Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн 20-д нь Засгийн газар баталгаа гаргах болсон учраас үүнд хамрагдсан иргэд 10 хувийг нь бэлнээр төлж, 90 хувьд нь жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл авна гэсэн үг. Баталгааг Хөгжлийн банкнаас гаргах бөгөөд хэрэгжүүлэхийн тулд БХБЯ, Сангийн яам, ХАХНХЯ хамтран журам боловсруулахаар болжээ. Долдугаар сард багтаан журмаа боловсруулах бөгөөд энэ хугацаанд арилжааны банкуудад зээлийн бүтээгдэхүүн очсон байх гэнэ. Эхний ээлжинд 200 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт олгох эрхийг Хөгжлийн банкинд өгчээ.
Тиймээс зээлийн нийт баталгаа 200 тэрбум төгрөгт тулсан тохиолдолд 10 хувийн урьдчилгаатай зээл зогсох юм байна. Гэхдээ цаашид ч үргэлжлүүлэн олгох бөгөөд ирэх жилийн төсөвт тодорхой хөрөнгө тусган, урт хугацааны ипотекийн зээлийн тогтвортой тогтолцоо бий болгох аж. Батлан хамгаалах яам энэ хөтөлбөрт 10 тэрбум төгрөг гарган, хамтран ажиллаж байгаа тул тус салбарын ажилтнуудад энэ хэмжээний баталгаатай зээл гаргаж өгөх юм байна. Бусад байгууллагад ч ийм боломж нээлттэй гэнэ. Эрэлт багассан тул орон сууцаа борлуулж чадахгүй байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих, мөн иргэдээ орон сууцжуулах харилцан ашигтай зорилгоор уг хөтөлбөрийг санаачилжээ. Үүнийг хэрэгжүүлсэн ч эрэлт нь нийлүүлэлтээс давахгүй тул үнэ “хөөсрөхгүй” гэж салбарын сайд нь амлаж байна.
Хэн нэгэн нь үнээ өсгөвөл байраа борлуулж чадахгүй, энэ хөтөлбөрийн гадна л үлдэх гэнэ. Одоогоор зах зээлд 30.000 гаруй айлын орон сууц нийлүүлчихээд байгаагийн 10.000 орчмыг нь л Засгийн газрын баталгаанд хамрагдсан иргэд худалдан авна гэж тооцож буй аж. ХАХНХЯ-ны судалгаагаар хүн амыг 20 ангилалд хуваасны 5-16 дугаар ангилалд хамрагдаж буй хүмүүс буюу дундаж орлоготой иргэдийг энэ зээлд хамруулна. Төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажилладаг гэж ялгаварлахгүй, тодорхой ажил, орлоготой, нийгмийн даатгал төлж байгаа хүн бүр авч болох юм байна. Д.Цогтбаатар сайд “Үүнийг хоёр, гурван хувилбараар шийдэхээр судалж байгаад Хөгжлийн банк баталгаа гаргах нь хамгийн боломжит хувилбар гэж үзсэн.
Урт хугацааны төлөвлөлтөөр ипотекийн зээлийн хуримтлагдсан мөнгийг Нийгмийн даатгалын санд шилжүүлж, түүгээрээ ипотекийн компанийн үнэт цаасыг худалдаж аваад үл хөдлөх хөрөнгөөр барьцаалсан үнэт цаас гаргах юм. Ингээд Монголын ипотекийн корпорац түүгээр орон сууцны зээлээ санхүүжүүлэх нь цаашдын зөв шийдэл гэж үзэж байгаа. Үүний зэрэгцээ арилжааны банкууд 30 хувийн урьдчилгаа шаарддаг ипотекийн зээлээ олгоно. 30 хувиа бэлнээр төлөөд байр авах боломжтой иргэд заавал энэ зээлд хамрагдах шаардлагагүй” гэв.
Ч.МӨНХЗУЛ