Монгол Улсын зарим газар галд шатаж байхад, хэсэг газар нь үерт автаж гамшгийн хэмжээнд хүрээд байна.
Өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эх авсан Ховд гол Мянгад сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 10 см орчим даван үерлэж байна. Ус судлалын Ховд-Мянгад, Буянт-Ховд, Төгрөг-Манхан харуул орчимд үерийн аюултай түвшинг 5-20 см давсан байдалтай байгаа бол Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг , Алтай нурууны Долооннуур гол Мөнххайрхан сум орчимд үерийн түвшинг 5-35 см давсан хэвээр байгаа юм байна.
Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Үер, усны аюулд өртөх эрсдэлтэй газар байгаа бол хэрхэн хамгаалах вэ?
-Гэр байшин, гадаах байгууламж,хашаа хороо бэлчээрээ үерийн усны түвшингээс дээш байгаа эсэхийг мэдэх
- Ойролцоох гол, горхи үерлэдэг эсэх талаар лавлах, Хэрэв та ойрхон үерлэдэг газар амьдардаг бол фанер, пластик хучлага, хөрөөдөж бэлтгэсэн мод, алх, хөрөө, хүрз, хөшүүрэг хөндлөвч, элс, шуудай, гэх зэрэг онцгой үед ашиглах багаж хэрэгслүүдийг нөөцлөх хэрэгтэй
Үер усны гамшгийн үед та гадаа байвал юу хийх хэрэгтэй вэ?
- Үерт автаж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол өндөрлөг газар, уулан дээр гарч тэндээ хүлээх.
- Хэрэв уул руу явж байх замд ус таны шагайгаар татаж байвал өөр замаар явах. Хэзээ ч урсгал усан дундуур алхах, сэлэх, машинтай явж болохгүй юм байна.
Хэрэв машинтай явж байгаа бол яах вэ?
- Үерт автсан эсвэл үерт автаж болзошгүй газраас хол байх. Гүехэн ус ч таныг машинтай нь авч явах аюултай тул хэзээч үерлэсэн гол горхи, зам хөндлөн гарч болохгүй.
- Газар доорх гарцаар гарахгүй байх. Дээгүүрх зам хэвийн байсан хэдий ч газар доорх гарц маш хурдан үерийн усаар дүүрэх аюултай байдаг бөгөөд 0,5-0,8 м ус таныг амархан живүүлнэ.
- Хэрэв таны явж байгаа замын ус хурдтайгаар нэмэгдэж байгаа бол энэ замаасаа шууд гараад өөр замаар явах. Таны явж буй зам усанд автсан эсвэл далан хаалттай байвал өөр замаар явах хэрэгтэй. Учир нь аюултай замын хажуугаар далан хаалт тавьдаг бөгөөд ийм газраар явах нь илүү эрсдэлтэй байдаг аж.
Үерт амиа алдагсдын тал хувь нь автомашинтай явж байсан байна. Ус хэр гүнзгийг хараад мэдэх боломжгүй бөгөөд замын гүн нүх, ховил руу унах аюултай байдаг. Мөн газар унасан гэрлийн шон, газар доорх цахилгааны хүчдэл устай харшлах аюултай байдаг бөгөөд ус машины хамрыг давсан тохиолдолд хөдөлгүүр болон эд ангийг гацааж, живэх аюултай. Хурдны зам, гүүр бусад нам дор газар үерт автсан эсэхэд сэрэмжтэй байх хэрэгтэй. 0,6 метр ус ямарч автомашиныг урсгах аюултай байдаг юм байна.
Тэгвэл Монгол орон даяар өчигдрийн байдлаар зургаан газарт түймэртэй байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал, Булган аймгийн Тэшиг суманд гарсан ой хээрийн түймэртэй байгаа бөгөөд ОБЕГ-ын алба хаагчид унтраахаар ажиллаж байгаа юм байна.
Энэ жилийн хувьд 16 аймагт 188 удаагийн ой хээрийн түймэр гарсан нь хуурайшилтын зэрэг өндөр байгааг харуулж байна. Хуурайшилтыг багасгах гол зүйл нь үүл буудах юм. Гэвч Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нөөц дууссан учраас зэргэлдээ аймгуудаас татаж авч байгаа аж. Үүл буудах пуужингийн үнэ ханшаас болж энэ он болон 2014 онд худалдаж аваагүй гэнэ.
Хэрэв та ой хээрийн түймэрт өртөж болзошгүй аюулд байгаа бол:
- Гэрийнхээ бүх утсанд Онцгой байдлын албаны утасны дугаарыг сануулах. Ой хээрийн түймэр асар хурдан тархдаг тул нэг секундыг ч алдах хэрэггүй.
- Галын машин танай гэрт хүрч очих хүртэлх замын тэмдэг болон гэрийн хаяг тодорхой, гаргагдахуйц, харагдахуйц байршилд байгаа эсэхийг шалгах.
- Аваарын 2 гарц гаргаж, түүгээрээ гарах дасгал сургуулилт хийх. Хэрэв үндсэн гарцаар гарч чадахгүй бол хоёрдогч гарцаар гарах хэрэгтэй болно.
-Гэрийнхээ гадна жижиг цөөрөм, худаг, усан сан, цорго байгуулж ус хадгалах зэрэг тодорхой хэмжээний усны нөөцтэй байх. Гэрт болон гэрийн гадаах байгууламжийн аль ч хэсэгт хүрэхүйц хангалттай урт хэмжээний услууртай байх.
- Хүрз, сүх, гар хөрөө, хувин, тармуур зэрэг галын үед ашиглаж болохуйц багаж хэрэгслүүдтэй байх. Жижиг хэмжээний гал гарахад гал командынхан иртэл та өөрөө унтраах шаардлага гарч болзошгүй үед эдгээр багажуудыг ашиглах.
- Ой хээрийн түймрийн үед нүүлгэн шилжүүлэх тусгай төлөвлөгөө гаргаж, гэрийнхээ гамшгийн төлөвлөгөөтэй уялдуулах.
Хэрэв та ой хээрийн түймэр гарч болзошгүй газар амьдрах гэж байгаа бол бол?
-Гэр, барилга байгууламжаа ой хээрийн түймэрт автахааргүй, аюулгүй байх талаас төлөвлөж, тохижуулах
-Галд тэсвэртэй, шатамхай бус барилгын материалыг ашиглах. Тухайлбал шавар, шавар будаг, тоосго, бетон блок, чулуу, төмөр гэх зэрэг.
-Дээврээ нимгэн модоор хийхээс татгалзах, цонх, хаалгаа зузаан, уян хатан шилтэй хийх.
- Цахилгаан шугамаа газар доогуур явуулах. Ингэснээр хүчтэй салхи, газар хөдлөлтийн үед цахилгааны шугам унаж гал түймэр гарахаас сэргийлж чадна.
- Ургамал, модноос байшин, гадаах байгууламжаа тусгаарлах үүднээс аюулгүйн зурвас бий болгох.
-Хашаа болон усан сангаар аюулгүйн зурвасаа хүрээлснээр галын аюул хаана хүрч байгааг олж мэдэхэд тус болох болно.
-Чулуун хана нь галаас хамгаалж, галыг цааш тархахаас сэргийл чадна.
-Хашаа хороогоо тогтмол цэвэрлэх. Галыг илүү хурдан тараадаг модны навч, мөчир, хог хаягдлаа цэвэрлэж, устгаж байх.
- Камин зуух болон зуухандаа стандартад нийцсэн буюу галын очийг гадагш хаядаггүй янданг авч тавих. Ингэснээр зуухны яндангаар гадагш үнс, оч хаягдан гарахаас сэргийлэх болно.
- Урт шат ойрхон байлгах. Та дээвэр дээрээ гарч дээвэр дээрх шатамхай хог хаягдал, мод навчсыг цэвэрлэх хэрэг гарах тул урт шаттай байх хэрэгтэй.
Цаг уур, орчны шинжилгээний газар болон ОБЕГ-аас ард иргэдэд байгалийн гамшиг тохиох гэж байгаа талаар сэрэмжлүүлэх мэдээллийг дамжуулдаг учраас амралт аялал зугаалгаар явах гэж буй болон өөрийн байгаа газрын мэдээллийг заавал хараарай.