Төв аймгийн Зуунмод сумын зургаадугаар сарын 18-ны “Нийтийн тээврийн такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах тухай” албан даалгаврын дагуу өчигдөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт иргэдэд такси үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, найдвартай хүргэхэд тулгарч буй бэрхшээл саад болон хулгайн тээвэртэй тэмцэх тухай ярилцаж, санаа бодлоо хуваалцсан юм. Жолооч нар зарим үед үйлчлүүлэгч согтуу, хулгай зэлгийд хардах, хулгайн тээвэр үйчлүүлэгч булаах, үйлчилгээний тариф хямд хэмээн өдөр бүр гардаг бэрхшээл саадыг ийнхүү өгүүлсэн бол Төв аймгийн Авто тээврийн үндэсний төв, Замын цагдаагийн тасгаас үйлчлүүлэгчээ татахын тулд дотоод зохион байгуулалтаа сайжруулах шаардлагатайг сануулсан юм.
Сумын Засаг даргын албан даалгаварт нийтийн такси үйлчилгээний МНС5122:2008, нийтийн тээврийн үйлчилгээний МНС 5012:2008 стандартыг хангаж, ажилласан тайлангаа 7 сарын 20-ны дотор ирүүлэхийг даалгасан байна. Мөн энэ үеэр тун удахгүй буюу 7 сарын 24-нд тохиох авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэх зохион байгуулалттай арга хэмжээний тухай ярилцаад “Такси үйлчилгээ эрхлэгч, хариуцлагатай жолооч” аяны удирдамжийг танилцуулсан юм.
Тус аян үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой ба 2 сарын хугацаатай хэрэгжих юм байна. Энэ аянд амжилттай оролцсон аж ахуйн нэгжийг шагнаж урамшуулна. Иймд идэвх санаачлагатай оролцохыг зохион байгуулагчид уриаллаа.