“Драгон” төвийн ард байрлах 23а байрны урд талын голын туслах автозам цөмөрч, хүнд даацын машин онхолдсон хэрэг өчигдөр гарсан тухай бид мэдээлсэн.
Тэгвэл хэргийн газарт үзлэг хийж буй Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс тодруулахад, “ Машин унасан замын хажуугийн барилга хамгаалах хашаа хийсэн байсан бөгөөд осол гарах болсон шалтгааныг дүүргийн ЗЦГ тогтооно. Урьдчилсан мэдээгээр жолооч ганцаараа явж байсан юм билээ. Осол гарах үед байсан гэрчүүдийн хэлж буйгаар жолоочын хүзүү нь жаахан хавдчихсан бусдаар бол гайгүй байсан гэж хэлсэн” гэлээ.
Ослын талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Х.Одбаяраас лавлахад “Дуудлагын дагуу ослын газарт очиход шинэ барилга автозамд тулгаад суурийг нь ухсан учраас зорчих хэсэг рүү нэлээд нуранги өгч, том оврын машин явахад даалгүй нурсан байсан. Жолоочыг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг тогтоохоор цуснаас нь шинжилгээ авсан. Одоогоор шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Ослын шалтгааныг тогтоосны дараа осолдсон машиныг татаж гаргана. Тэр болтол энэ хэсгийн замыг түр хаасан” гэв.
Хориглосон замаар дур мэдэн явж байгаад осолджээ
Осол гарсан замын хажууд 16 давхар 135 айлын орон сууцны барилга энэ тавдугаар сард эхэлсэн бөгөөд “Хадан ус” компанийн захиалгаар “Мон хауз” компани ажиллаж байжээ. Барилга барих явцад хөрсний нуралт их байсан. Тиймээс тухайн хэсгээр том оврын авто машин явах хориглосон боловч “Жем Интернэшнл” компанийн Камаз маркийн автомашин явж байгаад ийнхүү осолджээ.
Хэн, хэнийх нь буруу
Барилгын компаниуд зөвшөөрөгдсөн газраа дур мэдэн тэлж, барилга барьдаг муухай зан сурчихаж. МХГ-аас автозамд тулгаад суурийн нүхээ ух гэж зөвлөөгүй нь тодорхой. “Мон хауз” компанийнхан автозамд тулгаж барилгын суурийг ухсан учир их хэмжээгээр нуралт үүсэж энэхүү осол гарсан байж болзошгүй. Нөгөө талаас хүнд даацын автомашин явахыг хориглосон замаар явсан жолоочын буруу. Түүнчлэн барилгатай холбоотой энэ мэт хэргүүд гарч байгаа нь барилгын компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй МХГ-ын ч буруу биз ээ.
Хүүхдийн тоглоомын талбайн газар дээр барилга барьжээ
Энэхүү талбай урд нь хүүхдийн тоглоомын талбай байсан боловч “Хадан ус” компани зөвшөөрөл авч барилга бариад эхэлжээ. Оршин суугчдын эсэргүүцэлтэй нэлээд тулгарсан хэдий ч тэд санасандаа хүрч барилгын ажлаа эхлүүлсэн гэнэ. Автозамд тулгаад ухаж байхад нь дүүргийнхээ цагдаагийн газарт 23а байрныхан хүсэлт гаргаж хориглох тэмдэг, тэмдэглэгээ тавьж өгөхийг хүссэн боловч хүнд даацын машинууд орж гардаг учир болохгүй гэдэг хариу өгчээ.