Манай улс Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан билээ. Үүний хүрээнд Монгол, Японы хөдөө аж ахуйн салбарын анхдугаар форум өчигдөр болов. Хоёр улсын найрсаг хамтын ажиллагаанд нөлөө үзүүлэх, тус салбарын бизнес эрхлэгчдийн түншлэлийг сайжруулах зорилгоор зохион байгуулсан энэхүү форумд төр болон хувийн хэвшлийн 200 орчим төлөөлөгч оролцлоо. Форумын нээлтийн үеэр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Монгол-Японы Хөдөө аж ахуйн хамтын нийгэмлэгийн ерөнхийлөгч Кога Иссэй нар үг хэлсэн юм. Салбарын сайд Р.Бурмаа “Дэлхий нийтээр эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн хэрэглэхийг эрмэлзэж, эрэлт нь нэмэгдэж байна. Энэ үед Японтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар дэлхийд гуравдугаарт орох том эдийн засагтай улсын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх боломж олгож байгаа. Монгол, Японы аж ахуйн нэгжүүд зуучлагчгүйгээр хоорондоо шууд харилцаж, санал бодлоо хуваалцаж буй нь давуу тал юм” хэмээн ярилаа. Тэгвэл Кога Иссэй “Монгол Улсын өргөн уудам нутаг, хөдөө аж ахуйн салбарыг Японы өндөр хөгжсөн техник, технологитой хослуулбал гайхалтай үр дүнд хүрнэ. Хэдхэн сарын өмнө эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Богино хугацаанд ажил хэрэг болж буй нь сайшаалтай” гэв.
Тус форумд арлын орны Хөдөө аж ахуй, ой, засаг агнуурын яам болон Хоккайдо мужийн хөдөө аж ахуйн салбарын компанийн төлөөлөл оролцон, туршлагаасаа хуваалцлаа. Түүнчлэн ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа Япон улс руу ямар төрлийн бүтээгдэхүүн экспортлох боломжтой тухай, бизнес эрхлэгчид хэрхэн цагаан будаа тариалж буй талаар болон Монголын зах зээлийн тухай илтгэл тавьсан юм. Дотоодын бизнес эрхлэгчид үр тариа, хүнсний ногооны хадгалалтын зардал бууруулах, хүлэмж ашиглах талаар илүүтэй сонирхон мэдээлэл авч байв.
Ц.Болор